Стратеги төлөвлөгөө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь үйл ажиллагаагаа Стратеги төлөвлөгөөнд үндэслэн явуулдаг. Комиссын ажлын гол чиглэлүүдийн хэтийн төлөв, хүрэх үр дүнг тодорхойлох стратеги төлөвлөгөөг гурван жилд нэг удаа шинэчлэн баталдаг. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 6 дахь стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар батлав. 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН СТРАТЕГИ

(2015-2020 ОН) 

ОРШИЛ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний баталгааг тууштай хангах, хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, бусад хууль, олон улсын гэрээг удирдлага болгон 6 дахь стратеги төлөвлөгөөг гаргаж байна.

Комиссын 2015-2020 онд баримтлах стратеги төлөвлөгөө нь хүний эрхэд суурилсан хууль тогтоомж, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад бодитой хувь нэмэр оруулан ажиллах, бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэх бөгөөд Комиссын хуулиар хүлээсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал төлөвлөлтийн баримт бичиг юм. 

Энэхүү стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэнзорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэд олон нийт, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлд суурилж хэрэгжүүлнэ.

Нэг. АЛСЫН ХАРАА

Монгол Улсад хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэхэд оршино.

Хоёр. УРИА

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт.

Гурав. ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихдээБИД:

·Хүний эрхийн олон улсын хэм хэмжээг удирдлага болгох;

·Иргэд нь эрхээ шаардаж, үүргээ биелүүлэх;

·Олон нийтийн идэвхтэй, чөлөөт оролцоог хангах;

·Ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш боломжийг бүрдүүлэх;

·Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг цогцлоох үйлсэд манлайлах болно.

Дөрөв. СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

·Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг тууштай хамгаалах;

·Хараат бус байр суурийг чанд баримтлах;

·Хариуцлага хүлээх чадвартай байх;

·Ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангах;

·Бүх талын түншлэл, иргэд олон нийтийн оролцоонд суурилах;

·Комиссын бодлого, стратегийг хэрэгжүүлэх чадамж, бүтцийн

манлайлал, мэргэшсэн байдлыг бэхжүүлэх.

Тав. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхийг баталгаатай эдлүүлэхэд дараах тэргүүлэх зорилтот бүлэгт стратегийн хэрэгжилтийг чиглүүлнэ.

-Хүүхэд

-Эмэгтэйчүүд

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

-Малчид

-Ахмад настан

-Үндэстний цөөнх

-Бэлгийн цөөнх

-Эрх нь хязгаарлагдсан хүмүүс

Манай 2015-2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд [183.67 Kb] дарна уу.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК