Мэндчилгээ
Мэндчилгээ

Хүний эрхийн Үндэсний Байгуулагуудын Ази Номхон Далайн чуулганы 20 дугаар ээлжит хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж мэндчилгээ илгээлээ

2015 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы 20 дугаар ээлжит хурал, 2015 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд хоёр жил тутмын бага хурал буюу Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдуудын уулзалт арга хэмжээ болно.

Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан өөрийн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндсэн зорилготой, ашгийн бус байгууллага юм.

Тус бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд АНДЧ-д гишүүнээр элсэх нь нээлттэй бөгөөд одоогоор 15 бүрэн эрхэт гишүүн, 7 харилцагч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бүрэн эрхэт гишүүнээр Парисын Зарчимд нийцсэн Хүний эрхийн Үндэсний Байгууллагыг элсүүлдэг бол Парисын Зарчимд бүрэн нийцээгүй нь харилцагч гишүүн болно. Бүрэн эрхэт гишүүн нь байгууллагыг төлөөлж, АНДЧ-ны шийдвэр гаргах байгууллага болох Чуулганы зөвлөлд санал өгөх эрхтэй зөвлөлийн төлөөлөгчтэй.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь АНДЧ-ны бүрэн эрхэт гишүүн бөгөөд 2015 оны 8 дугаар сараас буюу 20 дугаар ээлжит хурлаас эхлэн тус чуулганы даргаар ажиллах юм.