Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хууль 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Комисс, түүний гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Комисст гомдол гаргах, шийдвэрлэх журмыг зохицуулдаг. Ийнхүү 2001 онд Монгол Улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-д "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" гэж заасан.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд "А" статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм. 

Комисс нь 3 гишүүнээс бүрдэнэ. Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. Комиссын гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Дээд Шүүхийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга  Улсын  Их Хуралд өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 6 жил, Комиссын даргыг Улсын Их Хурлын дарга санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал 3 жилийн хугацаагаар тус тус томилдог.

КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримталдаг. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд БИД:

  • Хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд явуулж,
  • Хэлэлцэж, зөвшилцөж, бусдаас тасралтгүй суралцаж,
  • Олон ургальч, хариуцлагатай, эвсэг, мэргэшсэн баг, тааламжтай ажиллах орчин бүрдүүлэх замаар эрхэм зорилгодоо хүрнэ.

 

КОМИССЫН БҮРЭН ЭРХ

  • Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах
  • Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах
  • Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх

Түүнчлэн Комиссын гишүүн Улсын Их Хурлын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийн материалтай танилцах, холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА

Комиссын гишүүний үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах үүрэгтэй. Хуульд заасны дагуу Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангах ёстой. 

Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Комиссын гишүүн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгоно.

Комиссын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Комиссын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Хуульд зааснаас  бусад тохиолдолд Комиссын гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Комиссын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аж ахуйн нэгж,  байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэд бүх талын туслалцааг үзүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

  • Жамсрангийн Бямбадорж, ХЭҮК-ын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор
  • Пүрэвийн Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор
  • Нанзадын Ганбаяр, ХЭҮК-ын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч 

 

ТҮҮХ

Монгол Улсын Их Хурлаар 2000 оны XII сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны I тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г. Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс  байгуулагдсан түүхтэй. 

Комиссын гишүүдийн хоёр дахь удаагийн томилгоог 2007 онд УИХ-аас явуулж, Комиссын даргаар Д. Солонго,  Комиссын гишүүнээр Ж. Дашдорж, П. Оюунчимэг нар  тус тус томилогдон ажиллаж байв. Тэгвэл Комиссын гишүүдийн гурав дахь томилгоог 2012 оны нэгдүгээр сард УИХ-аас явуулж, Комиссын гишүүнээр П.Оюунчимэг дахин, Н.Ганбаяр шинээр томилогдон тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуультай танилцахыг хүсвэл энд [173.4 Kb] дарна уу.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК