2009 оны эхний хагас жилд гомдлын дагуу Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмж

      2009 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс Комисст ирүүлсэн гомдлын дагуу  аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн биелэлтийн талаар
      Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Комисс нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ”. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Комисс аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад зөвлөмж бичиж хүргүүлнэ” гэж тус тус заасан.
     Шаардлагын талаар.Эхний хагас жилийн байдлаар  1 зөвлөмж, 5 шаардлагыг байгууллага албан тушаалтнуудад хүргүүлж, биелэлтийг хянаж ажиллалаа.   
 Эдгээрээс иргэн Б-г ажлаас нь үндэслэлгүй халсан  зөрчлийг арилгах талаар 4 сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян –Улаан сумын Тоосгоны ерөнхий боловсролын сургуульд хүргүүлсэн 03 дугаар шаардлага, иргэн А-н газар эзэмших, ашиглах эрхийг нь хангаж, газар олгох талаар 4 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэгт хүргүүлсэн 05 дугаар шаардлагын холбогдох албан тушаалтнууд биелүүлээгүй байна.
Шаардлагын дагуу ирүүлсэн хариу дараах байдалтай байна. Үүнд:
      • Иргэнийг албадан саатуулахдаа эрхийг нь зөрчсөн тул  зөрчлийг арилгах талаар  2 сарын 3-ны өдрийн 01 дугаар шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг  авч хэрэгжүүлсэн талаар Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс 2009 оны 3 сарын 17-ны өдрийн 3а/02/71 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна.
      • Адоре пропертиз ХХК  барилга барих явцдаа ойр хавийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар тус компанид  хүргүүлсэн 2 сарын 10-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг  авч хэрэгжүүлсэн тухай хариу ирүүлсэн.
      • Иргэнийг ажлаас нь үндэслэлгүй халсаны улмаас ажилгүй байсан хугацааны хохирлыг барагдуулах тухай 4 сарын 6-ны өдөр Баян –Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 04 дугаар  шаардлагын дагуу дурдсан асуудал нь үндэслэлгүй тул биелүүлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн.

        Хяналт шалгалтын ажлын чиглэлээр:  2009 оны 4 сарын 16-17-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газрын Баривчлчах албадан саатуулах төвд эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн эрхийн хэрэгжилтэнд хяналт, шалгалт хийж ахуй нөхцлийг сайжруулах шаардлага хүргүүлж, тус төвийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх хичээл сургалт явуулав.

           Зөвлөмжийн талаар. 2009 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХорооноос ирүүлсэн гомдлын дагуу  тус ҮЭХороог ЭХГУУҮЭХ-ны гишүүнчлэлээс гаргахыг 2 сарын 4-ний өдрийн 3 дугаар зөвлөмжөөр үүрэг болгосон бөгөөд  зөвлөмжийг биелүүлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХороо энэ асуудлаар Нийслэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан.

                      2008 онд гомдлын дагуу Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмж

Төр засгийн үйлчилгээний авто баазад хүргүүлсэн зөвлөмж:

ТЗҮАБ-ын хэсэг жолооч нараас цалингийн хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу олгохгүй байна гэх гомдлыг хүлээн авч холбогдох ажиллагааг хийхэд ЗГ-ын 2007.09.27-ны өдрийн 237 тоот тогтоолыг зөрчиж, жолооч нарын үндсэн цалингийн хэмжээг тогтоон цалинжуулахгүй байгаа зөрчил тогтоогдсон тул зөрчлийг арилгуулахаар тус баазын дарга “Н.Д”-д 2008.1.11-ний өдөр зөвлөмж хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжийн хариуг албан тоотоор шаардсаны дагуу 2008 оны 2 сарын 22 өдөр зөвлөмжийн хариуг авсан. Хариуд энэ талаар дээд байгууллагад асуудлыг тавьж дэмжиж ажиллахыг хүссэн байв. Ирүүлсэн хариуны дагуу ЗГ-т албан бичигт хүргүүлсэн бөгөөд 2008 оны 6 сарын 26-ны өдөр ТЗҮАБ-ын ажилчдын цалинг 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэн тогтоож мөрдүүлэхээр болсон талаар албан бичгийг ирүүлсэн байна.

Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтийн талаар

Төв аймгийн хэсэг иргэдээс хууль тогтоомжийн дагуу христийн шашны сум үүсгэн байгуулахаар ажиллахад нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс саад учруулж байгаа тухай гомдлыг шалгахад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, үндэсний хууль тогтоомжид аливаа алагчлалаас ангид байх, шашин шүтэх эс шүтэх зэрэг эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсон тул Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд 2007.06.14-нд холбогдох шаардлагыг бичсэн. Хариуг Аймгийн Иргэдийн хурлын дарга ”Ж.Б” хуульд заасан хугацаанаас хоцруулж ирүүлсэн тул комисс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буруутай албан тушаалтанд захиргааны арга хэмжээ авахуулсан гэжээ.

Уг шаардлагын хэрэгжилтийн талаар гомдол гаргагчидтай Комиссын өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд биечлэн уулзсан бөгөөд багийн хурлаар асуудлыг эхний байдлаар оруулсны дараа сумын хурлаар шийдвэрлүүлэхээр болсон. Сумын хурал 3 сард болох товтой байсан боловч одоогоор уг хурал хуралдаагүй байгаа талаар гомдол гаргагч нар болон холбогдох албан тушаалтнууд бидэнд мэдэгдсэн байна.

НХХЯ-д хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтийн талаар

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн 17 аж, ахуйн нэгжийн том оврын автобусны зарим жолооч, кондуктор нараас хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг хүссэн боловч Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан ”Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын дөрвийн 33-т заасан ”Улсын үйлдвэрийн зорчигч тээврийн автобус, цахилгаан тээврийн жолооч, кондуктор...” гэсэн шаардлагыг хангахгүй байна гэсэн гомдолд холбогдох шалгалт явуулж 77 дугаар тушаалын дөрвийн 33 дахь хэсгийн ”Улсын” гэх үг нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвецид заасан ”... хүн бүр аливаа алагчлалаас ангид байх эрхтэй, ...хүн бүр тэгш эрхтэй, ... хүн бүр нийгмийн даатгал, нийгмийн хангамжид хамрагдах” эрхтэй байх зэрэг заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн сайдад уг тушаалын ”Улсын” гэх үгийг хасуулах талаар шаардлага бичсэн.

Шаардлагын хариуд Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн сайдаас 2007.07.02-нд дээрх асуудлыг УМХГ-ын дүгнэлтгүйгээр шийдвэрлэх боломжгүй юм. Иймд УМХГ-тай хамтран шийдвэрлэж хариу өгөх болно гэсэн байв. УМХГ-аас 2007.09.24-нд Комисст ирүүлсэн албан бичигт ” Энэхүү ажлын байрны нөхцөл нь хувийн болон улсын үйлдвэрийн аль ч газарт хамаарагдах учраас дахин хэмжилт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг НХХЯ шийдвэрлэх боломжтой гэж ирүүлсэн байна. Иймд Комиссын зүгээс 2007.10.08-нд НХХЯ-д дахин шаардлага хүргүүлсэн.

Уг шаардлагын хэрэгжилтийн талаар 2007.11.27-нд тус яамнаас ирүүлсэн бичигт нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдсэний дараа шийдвэрлэх боломжтой гэснийг гомдол гаргагч нарт албан тоотоор мэдэгдсэн байна.