Хүний эрхийн боловсролын баг

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д "Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ" хэмээн заасан байдаг. Мөн Комиссын Стратеги төлөвлөгөө (2008-2011)-ний Зорилго 2 нь "Иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх шатны байгууллагуудад хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёл төлөвшүүлэхэд нөлөөлөх" хэмээн тодорхойлсон байдаг.

Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Комиссын ажлын албаны Хүний эрхийн боловсрол, сургалт, сурталчилгааны баг нь хүний эрхийн боловсрол олгох, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Тус багт хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан 2 референт, хэвлэл мэдээлэл хариуцсан референт, мэдээлэл лавлагааны төв хариуцсан ажилтан тус тус ажиллаж байна.

Комиссын зүгээс хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээ, хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага, тогтолцоо, Монгол Улс дахь хүний эрхийн асуудлууд, ололт амжилт, алдаа дутагдал зэрэг өргөн хүрээт сэдвээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Хүний эрхийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг дараах зорилтот бүлгүүдэд чиглүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Иргэд, олон нийтэд
  • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, өөрийн удирдлагын байгууллага, албан    тушаалтнууд
  • Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн албан хаагчид
  • Хүний эрхийн чиглэлэр ажилладаг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд, ажилтнууд
  • Боловсрол, хэвлэл мэдээлэл, хяналт шалгалт зэрэг мэргэжлийн байгууллага, ажилтнууд
  • Эмэгтэйчүүд, оюутан суралцагчид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг тодорхой зорилтот бүлгүүд болно.

ХЭҮК нь жил тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө эдгээр зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд хамрах цар хүрээ жилээс жилд улам бүр нэмэгдэж байна.