шалгалт

2008 онд Хүний эрхийн асуудлаар хийсэн шалгалт

2008 онд Комисс нь нийгмийн эмзэг бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эрх чөлөө нь хязгаарлагдсан хоригдлуудын эрхийн хэрэгжилтэд гол анхаарлаа хандуулан ажиллалаа.

Эдгээр асуудлын хүрээнд 2008 оны үйл ажиллагааны төөлөвлөгөөнд тусгадсаны дагуу дараах шалгалтуудыг хийлээ. ¯үнд

•    Хоригдлуудын эрх,  тэдний нэр хүндийг хүндэтгэх, хорих байрны ахуй нөхцөл нь үндэсний болон олон улсын стандартад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн-Хараагийн хорих 413 дугаар анги,  Төв аймгийн Мөнгөн-Морьтын хорих 417 дугаар анги, цагдан хорих 461 дүгээр анги, Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар анги, Булган аймаг дахь хорих 439 дугаар анги, Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангид тус тус ажиллалаа. Хорих ангиуд хоолны хангамж, хоригдлуудын дунд зохиох соёл хүмүүжлийн ажлын чанар үр нөлөө, өрөө тасалгааны ахуй нөхцөлийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллах шаардлагатай нь шалгалтын үр дүнд тогтоогдсон бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 1 шаардлага, 2 зөвлөмжийг хорих ангиудын захиргаанд хүргүүлсэн. Шаардлага, зөвлөмж бүрэн биелэгдсэн байна.

•    Дорноговь аймаг дахь говийн бүсийн ахмадын асрамжийн газар, Төв аймгийн Батсүмбэр дэх ахмадын төрөлжсөн асрамжийн газрын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд Төв аймгийн Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар нь сэтгэцийн өөрчлөлттэй асруулагчдыг тус асрамжийн газраас гаргаж, харьяалах байгууллага /СЭМ¯Т/-д хүлээлгэн өгөх, цаашид сэтгэцийн өвчтэй асруулагчийг асрамжид авахгүй байх талаар анхаарч ажиллах; асрамж үйлчилгээний төвийн өрөөний ахуй нөхцөлийг боломжит хэмжээнд сайжруулах, өрөө тасалгаанд засвар хийх; асрамж үйлчилгээний төвийн хоолны амт чанар, илчлэгийг стандартад нийцүүлэх; гал тогооны эрүүл ахуйн нөхцөл байдлыг дээшлүүлэх; ахмадуудын хувцасны хангалтыг сайжруулах, ээлжийн хувцасны тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай болох нь тогтоогдсон байна. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжид дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар тус газраас хариу ирүүлсэн.