2007 оны хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагааны товч мэдээ

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалж, хөхиүлэн дэмжих чиг үүрэгтэй.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-д: “Комисс нь хүний эрхийн талаархи хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, 13.2.5-д “Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ” хэмээн заасан байдаг.

Комиссын дэргэд “Хүний эрхийн мэдээлэл, лавлагааны төв”, “Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төв” тогтмол ажиллаж, хүний эрхийн уулзалт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ холбогдох ном, гарын авлага, судалгааны материалаар иргэд, олон нийтэд үйлчилж байна. Комиссоос зөвхөн өөрийн сургалтын төвд зохион байгуулахаас гадна Хууль зүйн үндэсний төв, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн академи болон хүний эрхийн ТББ-уудтай хамтран олон тооны сургалтуудыг зохион байгуулдаг.

ХЭҮК-ын зүгээс 2007 онд бусад байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хүний эрхийн боловсролыг дэмжих, иргэд, олон нийтийн хүний мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, нөлөөлөх зорилгоор томоохон хэмжээний цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Эдгээр цуврал сургалтуудыг танилцуулбал:

  • 3, 6, 9 дүгээр саруудад Шведийн Лүндийн их сургуулийн Раоул Валленбургийн Хүний эрх, хүмүүнлигийн эрхзүйн институттай хамтран “Хүний эрх, авлига, сайн засаглал”, “Хүүхдийн эрх”, “Цөөнх ба уугуул иргэдийн эрх” “Эмэгтэйчүүдийн эрх” сэдэвт цуврал сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын сургагч багшаар Лүндийн Их сургуулийн Раоул Валленбургийн Хүний эрх, хүмүүнлигийн эрхзүйн институтийн зочин профессор Брайн Бүрдекин, “Momentum International Partnership” байгууллагын захирал Улрике Шүрманн нар ажиллаж, авлига, эмэгтэйчүүдийн ба хүүхдийн эрх, үндэсний цөөнх ба уугуул иргэдийн эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийг практик хэрэгжилтийн жишээ, төслүүдээр дамжуулан заасан болно.
  • НҮБХХ-ийн Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хангах төслийн хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйжсэн ядуурал” “Эмэгтэйчүүдийн эрх ба хөгжлийн бодлого”, “Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрх” сэдэвт цуврал сургалт зохион байгуулсан. Мөн уг сургалтын үр дүнд “Эмэгтэйчүүдийн эрх ба хэвлэл мэдээлэл” 12 хэвлэлийн хуудас сэтгүүлчдэд зориулсан сургалтын модулийг боловсруулж, хэвлэлтэнд бэлтгээд байна.
  • Мөн МУБИС дахь Хүний эрхийн боловсролын төвөөс зааж буй “Хүүхдийн эрхийн боловсрол” курс хичээлийн зохих сэдвүүдийг тус комиссын ажилтан заасан бөгөөд зарим сэдвүүдийг ХЭҮК-ын сургалтын танхимд практик хэлбэрээр зохион байгуулж, холбогдох ном, гарын авлагаар хангасан. Мөн Ховд их сургууль, Архангай аймгийн Багшийн коллежид зохион байгуулсан сургалт семинарыг энд дурдаж болно.

Тоон хэлээр:

  • 2007 онд нийт 44 удаагийн сургалт, семинарыг дангаар буюу бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.
  • Эдгээр сургалтуудын хүрээнд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой 50 гаруй сэдвээр 400 гаруй цагийн сургалт зохион байгуулсан байна.
  • Эдгээр сургалтанд нийт 4460 оролцогч (I хагаст 2578 хүн, II хагаст 1882 хүн )тус тус хамрагдаж, хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэг ойлголт, нэмэгдэж, зохих ном, гарын авлага, сургалтын материалаар хангагдсан байна.
  • Өөрийн ажилтнуудад зориулсан 10 сэдвээр дотоодын сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ. ХЭҮК нь байгууллагын чадавхийг бэхжүүлэх, өөрийн ажилтнуудын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, бие даан судалгаа шинжилгээ хийх чадварыг дээшлүүлэх зорилгоор дотоодын сургалтуудыг зохион байгуулдаг.

Олон нийтэд чиглэсэн хүний эрхийн сурталчилгааны ажил

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар ээлжит зургаа дахь илтгэлээ боловсруулан, Улсын Их Хуралд илтгэсэн. Энэхүү илтгэлийг ХЭҮК-ийн болон бусад нэр хүнд бүхий байгууллагуудын судалгаа, хяналт шалгалтын дүнг үндэслэн, цэргийн албан хаагчдын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилт болон хүний эрхийн боловсрол зэрэг сэдвийн хүрээнд бичсэн. Уг илтгэлийг монгол болон англи хэлээр тус бүр 1000 хувь хэвлүүлж, зохих байгууллага, номын сан, иргэдэд түгээсэн.
  • “Хүний эрх” сэтгүүлийн 2007 оны дугааруудыг эрхлэн хэвлүүлсэн. Үүнд олон улсын болон үндэсний хүний эрхийн бодлого, баримт бичгүүд, хүний эрхийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх онол, практикийн сэдвээр байгууллага, судлаачдын 60 өгүүлэл нийтлэл, хүний эрхийг хамгаалах тухай олон улсын туршлага, мэдээллийн эх сурвалж, мөн олон улсын болон ХЭҮК-ын зарим зөвлөмжийг нэгтгэн, боловсруулж, тус бүр 1000 ба 3000 ширхэг хэвлүүлж, түгээж байна.
  • ХЭҮК-оос зохион байгуулж байгаа ажлыг сурталчлах зорилгоор бэлтгэн түгээдэг хэвлэлийн хуудасны 4 дугаарыг 2000 ширхэгийг хэвлэн түгээв.
  • МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг Хүний эрхийн үндэсний чуулганы хүрээнд “Хохирогчийн эрх” сэдэвт зурагт хуудас /плакат/-ны уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаанд нийт 3 уран бүтээлч оролцсон бөгөөд шалгарсан бүтээлүүдийг зурагт хуудас /плакат/ хэлбэрээр 3 төрлөөр тус бүр 1000 ширхэгийг хэвлүүлэн Чуулганы нийт оролцогчид болон холбогдох байгууллагуудад тараасан байна.
  • Төслийн хүрээнд ном, гарын авлага, эвхмэл хуудас боловсруулан хэвлүүлж, олон нийтэд түгээх ажлыг хийж байна. Тухайлбал, Хүний Эрхийн Үндэсний Комиссын танилцуулга 3000 ш, өргөдөл гомдлын гарын авлага, эвхмэл хуудсыг 3000 ш боловсруулан хэвлүүлж, түгээсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаархи гүнзгийрүүлсэн судалгаа” нэртэй тайлан орчуулан 2800 ш хэвлүүлж, мөн БНСУ-д ажиллаж буй Монголчуудын эрхийн хэрэгжилтийн талаар хийсэн судалгааг 200 ш ном, Цэргийн албан хаагчдын хүний эрхийн боловсролд зориулсан гарын авлага 1000 ш болгон хэвлүүлсэн байна. Сэтгүүлчдийн сургалтын модуль боловсруулагдаж хэвлэлтэнд орсон байна.
  • Дорноговь, Говьсүмбэр аймгуудад “Хүний эрхийн нээлттэй өдөр” зохион байгуулсан бөгөөд үүний хүрээнд “Хүний эрхийн ойлголт, зарчмууд”, “Хүний эрх ба авлига”, “Төрийн албан хаагчдын харилцааны ёс зүй” зэрэг сэдвүүдээр Замын -Үүд, Сайншанд, Чойр сумдад төрийн захиргааны болон хуулийн байгууллага, иргэд нийт 185 орчим хүнд 3 удаагийн сургалт зохион байгуулсан. --НҮБХХ-ийн Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хангах төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн эрх-Фото дуранд” гэрэл зургийн уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаанд нийт 8 гэрэл зурагчин 33 бүтээл ирүүлсэн бөгөөд тэдгээр зургаар Уран зургийн галерейд фото зургийн үзэсгэлэнг 3 хоногийн хугацаатай гаргасан. Уралдаанд ирүүлсэн гэрэл зургийн бүтээлүүдээр цаашид хүний эрхийн цомог болгон гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын хүрээнд ахмад настны эрхээр зурагт гарын авлага хэвлүүлэн гаргаж байна.
  • ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид хүний эрхийн өдөрлөг зохион явууллаа. Өдөрлөг нь “Хоригдлыг нийгэмшүүлэх нь” сэдвийн доор зохион байгуулагдаж, хүмүүжигчдийн үзэл бодол, хандлагад эерэгээр нөлөөлөх олон талт ажлуудыг зохих байгууллагуудын хамтын ажиллагаанд үндэслэн хэрэгжүүлсэн. Тухайлбал, ХЭҮК-ын зүгээс сургалт болон уулзалт ярилцлага зохион байгуулж, ялтнуудад мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх зорилгоор үсчин, гоо сайханчийн сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулсан. Өдөрлөгийн үйл ажиллагааны талаархи мэдээ, сурвалжлага Ардчилал, Улаанбаатар таймс, Монголын мэдээ, Өнөөдрийн мэдээ, Зууны мэдээ зэрэг сонин хэвлэлд тус тус хэвлэгдсэн болно.
  • “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрх” Үндэсний чуулганы үеэр тавигдсан илтгэлүүд 500 ширхэг, фото зургууд болон тус асуудалтай холбоотой НҮБ-ын Стандарт баримт бичгүүдийг нэгтгэн ном болгон 500 ш хэвлүүлж олон нийтэд түгээсэн.

Тоон хэлээр:

  • 6 ном, гарын авлага, 2 эвхмэл хуудас, хэвлүүлэн түгээсэн бөгөөд зарим нь хэвлэлтэнд байна.
  • Телевиз, сонин хэвлэлд 20 гаруй ярилцлага
  • Радио нэвтрүүлэг 8 цувралаар, 8 цаг
  • Нэг удаагийн Фото зургийн үзэсгэлэн, 5 сэдвийн хүрээнд 33 фото зураг
  • “Хүний эрх” сэтгүүлийн I-IV дугаарууд, 4000 хувь
  • Хэвлэлийн хуудас I-IV дугаарууд, 2000 хувь
  • 2007 оны илтгэл монгол хэлээр 1500, англи хэлээр 1000 хувь