КОМИССЫН БҮРЭН ЭРХЭЭС...

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-т заасны дагуу Хүний эрхийн Үндэсний  Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж,  хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага мөн.  Түүнчлэн Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад  санал өгөх, хүний эрхийн талаархи хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, олон улсын хүний эрхийн гэрээг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохыг дэмжих бүрэн эрхийг Комисс эдэлдэг.

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН II НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон боллоо.
  • НҮБ-ын 1982 оны XVI чуулганаар “...гишүүн орнууд...хамгийн ноцтой гэмт хэрэгт ч цаазаар авах ял шийтгэлийг хязгаарлах ёстой” гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, зайлшгүй шаардлага манай улсад байсан бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комисс нь цаазаар авах ялыг халах асуудлыг хөндөн судалж, санал, зөвлөмжийг удаа дараа гаргасаар ирсэн.
  • Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран цаазаар авах ялын нөхцөл байдлын талаар судалгаа явуулж байсан ба 2005 онд манай улсын Засгийн газрын урилгаар ирж ажилласан НҮБ-ын эрүү шүүлтийн талаарх тусгай илтгэгч М.Новакийн  илтгэлд “Цаазаар авах ялыг гүйцэтгэх огноотой холбоотой нууцлал, цогцсыг оршуулахаар өгөхөөс татгалзаж буй нь гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн дарамтад оруулах замаар айлган сүрдүүлэх, хүнлэг бусаар хандахад хүргэж, энэ нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 7 дугаар зүйлийг зөрчиж байна” гэж онцлон дурдагдаж байсан удаатай.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны 12 дугаар сар батласнаас хойш тус конвенцийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар Хүний эрхийн Үндэсний Комисс идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Энэ чиглэлээр Комиссоос явуулсан ажлуудыг товчлон танилцуулбал:

  • Сургалт, сурталчилгааны өргөн хүрээтэй кампанит ажил зохион явуулав. Комисс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцийн агуулга, ач холбогдлыг шийдвэр гаргагчид, олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц”-шийдвэр гаргагчид зориулсан гарын авлага, “Зөв харилцааны цагаан толгой”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”- хялбаршуулсан хувилбарыг боловсруулж, олон нийтэд түгээсэн. Мөн хүний эрхийн талаарх гарын авлага, хууль зүйн мэдээллийг аудио болон брайль үсгээр хэвлүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээл болголоо. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар телевизийн нэвтрүүлгүүд, цуврал хичээл, телевизийн богино хэмжээний сурталчилгаа тогтмол цацуулж ирсэн. Конвенцийг соёрхон батлахыг уриалсан захидлыг Улсын Их Хурлыг гишүүдэд хүргүүлж, Конвенцийн талаарх цогц мэдээллээр хангасан нь ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэл

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэдэг. /Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдийг цахим хуудасны эх сурвалж хэсгээс бүрэн эхээр нь татан авч үзнэ үү.

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь дараах байгууллагуудын гишүүн юм.

  • Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо
  • Ази Номхон Далайн Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган

 Комисс Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Бүс нутгийн Чуулганы бүрэн эрхт гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байна. Чуулганаас жил бүр зохион байгуулдаг хуралдааны 10 дахийг нь 2005 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.


Хүний Эрхийг Хамгаалах, Хөхиүлэн Дэмжих Олон Улсын Зохицуулах Хороо

ОУЗХ-ны Дүрмийн дагуу Зэрэг олгох Дэд хороо нь Хорооны нарийн бичгийн дарга болох ХЭДКГ-ын Үндэсний байгууллагууд хариуцсан нэгжийн хүлээж авсан хүсэлтүүдийг авч үзэж, хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд эдгээр хүсэлт гаргаж буй байгууллагууд нь Парисын зарчимд нийцэж буй эсэх талаар  ОУЗХ-ны гишүүдэд зөвлөмж гаргадаг. Дэд хорооны дүрмийн дагуу тус Хороо нь бүс нутаг тус бүрийн төлөөллөөс бүрддэг. Тухайлбал, Америкаас Канад (Дарга), Европоос Дани, Ази, Номхон далайгаас Солонгос, Африкаас Нигер тус тус байна.

Парисын зарчим болон дагуу ОУЗХ-ны Дэд хорооны дүрмийн дагуу зэрэг олгоход дараахь ангиллууд байдаг. Үүнд:

А. Парисын зарчимд нийцэж байгаа:
А(R): Нөөцөд байгаа – А статус олгоход танилцуулсан материал хангалттай бус байгаа,
Б. Ажиглагчийн статус – Парисын зарчимд бүрэн нийцээгүй эсвэл тодорхойлолт өгөхөд гаргасан мэдээлэл хангалттай бус байгаа,

В. Парисын зарчимд нийцээгүй

ОУЗХ-ны журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд өөрийн нөхцөл байдалтай холбоотой аливаа өөрчлөлт, энэ нь тухайн байгууллагын Парисын зарчмаар хүлээсэн үүрэг, хэм хэмжээг дагаж мөрдөхөд хэрхэн нөлөөлж байгаа талаар ОУЗХ-ны Дэд хороонд цаг тухайд нь мэдээлж байх үүрэгтэй.

Комисс 2003, 2008 онуудад тус тус Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны “А” статусын магадлан итгэмжлэл авсан.

www.asiapacificforum.net/working-with-others/icc

Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган

Ази Номхон далайн Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган (АНДХЭҮБЧ) нь манай бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын хамтын ажиллагааны байгууллага юм. Энэхүү чуулган 1996 онд байгуулагдсан.

Ази Номхон Далайн Чуулган нь НҮБ-ын “Парисын Зарчмуудын” хүрээнд үүсэн байгуулагдсан бүрэн эрхт 14 гишүүн орноос бүрдэх бөгөөд түүнээс гадна тус байгууллагад 3 “орлогч гишүүн” байгууллага ордог байна. Уг байгууллагын гишүүнчлэлд Ази Номхон Далайн бүсийн олон улс орныг хамруулдаг.

Ази Номхон Далайн Чуулганы Зөвлөл гэж бий. Энэ нь Чуулганы шийдвэр гаргах бүрэн эрхт хэсэг бөгөөд бүрэн эрхт орон бүрийн ахлах төлөөлөгчдөөс бүрдэнэ.  Ази Номхон Далайн Чуулганы Хэрэг Эрхлэх Газар нь Чуулганы Зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ба өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна.

Ази Номхон Далайн Чуулганы гишүүнчлэлийг гурван төрөлд ангилна:

  • Бүрэн эрхт гишүүн
  • Нэр дэвшигч гишүүн
  • Орлогч гишүүн
Гишүүнчлэлийн эрхийг Чуулганы Зөвлөл шийдвэрлэн олгоно. Бүрэн эрхт гишүүн болохын тулд тухайн Хүний эрхийн Үндэсний Байгууллага НҮБ-ын гаргасан Парисын Зарчмуудад нийцсэн байх ёстой.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэн орж,  идэвхтэй хамтын ажиллагаа явуулж байна.

Ази Номхон Далайн Чуулганы гишүүн нь гишүүнчлэлийн ангиллаас хамааран жилийн хураамж төлнө.

АНДХЭҮБЧ нь дараахь үйл ажиллагааг явуулдаг:

  • Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулах болон Хүний эрхийн Үндэсний Байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах
  • Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зорилгоор сургалт явуулах, сүлжээ үүсгэх, ажилтан солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Гишүүн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах, хяналт тавих, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад чиглэсэн мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Бүс нутгийн засгийн газрууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах.

АНДХЭҮБЧ-аас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын явуулсан зарим ажлыг бусад улс оронд авч хэрэгжүүлж болох тэргүүн туршлага хэмээн үнэлж, манай туршлагад суурилсан сургалтуудыг зохион явуулж байна. Үүнд:

  • “Эрүү шүүлтийг хориглох нь” нээлттэй хяналт шалгалт
  • Нийслэл хот болон бусад томоохон суурин газруудад хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсдээс авч байсан татвар хураамжийг хүчингүй болгуулсан ажил
  • Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг арилгах талаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн туршлагуудыг нэрлэж болох юм. 

www.asiapacificforum.net/working-with-others/icc

Харилцан ойлголцлын санамж бичгүүд

Бид Олон Улсын болон Бүс Нутгийн байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж ирсэн.

Комисс нь 2009 онд Бүгд Найрамдах Солонгос улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс-той БНСУ-д ажиллаж байгаа цагаач иргэд, гадаадын ажиллагсад, гадаад хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан.

Мөн дотооддоо дараахь байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, оролцогч байгууллагуудын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • Цагдаагийн Ерөнхий Газар
  • Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
  • Зэвсэгт Хүчний Жанжин Штаб
  • Хил Хамгаалах Ерөнхий Газар
  • Шүүхийн Шийдвэх Гүйцэтгэх Ерөнхий газар
  • Улсын Ерөнхий Прокурорын газар
  • Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

"Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг жил бүр орон нутагт уламжлал болгон зохиодог

Комисс нь аймаг орон нутагт хүний эрх, эрх чөлөөний асуудлаарх төрийн бодлого, шийдвэр болон хүний эрхийн стандартуудыг хэрэгжүүлэхэд мэргэшил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаагаа орон нутагт чиглүүлэх зорилгоор “Хүний эрхийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг санаачлан зохион байгуулсан нь  орон нутагт салбар нэгжгүйгээс хүрч ажиллах  боломжгүй байдлыг байдлыг даван туулах, орон нутагт хүрч ажиллах дэвшилтэт арга болсон.

Энэхүү арга хэмжээг анх 2002 оны V сард Баянхонгор аймагт зохион байгуулсан бөгөөд тэр цагаас хойш жил бүр орон нутагт  уламжлал болгон зохиосоор ирсэн.

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд Комисс дараахь ажлуудыг зохион байгуулдаг. Үүнд:

1.Тухайн аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга болон бусад удирдлагатай уулзаж, төр засгийн бодлого шийдвэр,  хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах асуудлаар зохиож буй үйл ажиллагаатай танилцах;

2. Хүний эрхийн анхаарал татсан обьектууд болох эрүүлжүүлэх байр, баривчлах болон сэжигтэн, албадан саатуулах, цагдан хорих байр, цэргийн ангиудын ажилтай танилцаж,  хяналт шалгалт явуулах;

3. Хүний эрхийн анхаарал татсан зарим асуудлаар иргэдэд мэдээлэл хийх, санал, бодлыг нь сонсох;

4. Иргэдээс хүний эрхийн зөрчлийн талаар өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх;

5. Аймаг, сумын Засаг даргын захирамж, ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрийг хянаж, хүний эрх зөрчсөн эсэхийг судлах;

6. Тухайн орон нутгийн төрийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн тодорхой асуудлаар сургалт зохион явуулах;

7. Аймаг, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний эрхийн сурталчилгааг явуулж, Комиссын үйл ажиллагааны талаар сурталчлан таниулах;

 2002-2009 он хүртэлх хугацаанд Монгол Улсын бүх аймагт 2-3 удаа буюу нийтдээ 45 удаа  уг  арга хэмжээг зохион байгуулж  21 аймагт нэгээс хоёр удаа 80 гаруй суманд, 664 орчим албан байгууллагын нийтдээ 4500 гаруй хүнд хүний эрхийн тодорхой сэдвээр 700 гаруй цагийн хичээл сургалт явуулсан байна.

 

Хяналт шалгалт

Комисс хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор баривчлах, хорих, эрүүлжүүлэх байрууд, цэргийн байгууллага, анги нэгтгэл, хүүхдийн болон ахмад настны асрамж, халамжийн байгууллагууд, сэтгэцийн эмнэлэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт явуулдаг.

Шалгалтын мөрөөр хүний эрхийг хангах, хамгаалах тухай Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажилладаг.

Судалгаа

Нийгэм дэх хүний эрхийн анхаарал татсан асуудлыг гүнзгийрүүлэн судлах, учир шалтгаан, үр дагаврыг илрүүлэх зорилгоор Комисс тодорхой сэдвээр судалгаа явуулдаг. Чухал ач холбогдолтой судалгааны үр дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд оруулж, тодорхой саналыг холбогдох албан тушаалтанд тавьдаг.

Иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудын судалгааны ажлыг дэмжих үүднээс "Хүний эрхийн мэдээлэл лавлагааны төв"-ийг байгуулан олон нийтэд үйлчилж байна. Хүний эрхийн асуудлыг эрдэм шинжилгээний түвшинд судалж, эрдэмтэн судлаач, багш, оюутнуудын асуудал дэвшүүлсэн бүтээлүүдийг "Хүний эрх" сэтгүүлээр дамжуулан нийтийн хүртээл болгож байна.

Хүний эрхийн боловсрол

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д "Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ" хэмээн заасан байдаг.

Комиссын зүгээс хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээ, хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага, тогтолцоо, Монгол Улс дахь хүний эрхийн асуудлууд, ололт амжилт, алдаа дутагдал зэрэг өргөн хүрээт сэдвээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Хүний эрхийн сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг дараах зорилтот бүлгүүдэд чиглүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Иргэд, олон нийтэд
  • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, өөрийн удирдлагын байгууллага, албан    тушаалтнууд
  • Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн албан хаагчид
  • Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд, ажилтнууд
  • Боловсрол, хэвлэл мэдээлэл, хяналт шалгалт зэрэг мэргэжлийн байгууллага, ажилтнууд
  • Эмэгтэйчүүд, оюутан суралцагчид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг тодорхой зорилтот бүлгүүд болно.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

  Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч, гадаадын иргэн , харъяалалгүй хүн, Төрийн бус байгууллага, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас амаар, бичгээр болон цахим шуудангаар Комисст хандаж гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.

ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХТАЙ ХОЛБОГДСОН КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

Комисст ирүүлсэн гомдлын талаар Комиссын гишүүн дараахь шийдвэрийг гаргадаг. Үүнд:

  1. Гомдлыг хүлээн авч, хянан үзэх;
  2. Гомдолд тавигдах шаардлагыг хангаагүй гомдлыг хүлээн авахаас татгалзах;
  3. Эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааны талаарх гомдлыг харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
  4. Гомдол гаргагчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар ямар эрх, үүрэгтэй болохыг тайлбарлах;

ГОМДЛЫН МӨРӨӨР ШАЛГАЛТ ХИЙХТЭЙ ХОЛБОГДСОН КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

  Гомдлын мөрөөр шалгалт хийхдээ Комиссын гишүүн дараахь эрхийг эдэлнэ. Үүнд:

  1. Гомдол гаргагч, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүнээс гомдлын талаар бичгээр тайлбар авах. Хэрвээ гомдол гаргагч нь бичиг үсэг мэдэхгүй бол амаар тайлбар авч, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байна;
  2. Гомдол гаргагч, холбогдох хүмүүсийг дуудан ирүүлэх;
  3. Гомдолтой холбогдолтой асуудлаар аль ч аж ахуйн нэгж, байгууллагад саадгүй нэвтрэн орж, түүний хурал зөвлөгөөнд оролцох, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзах;
  4. Шаардлагатай нотлох баримт, албан бичиг, мэдээллийг байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
  5. Тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд зохих байгууллагын шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах;
  6. Гомдлыг хянан үзэх явцад уул гомдол нь эрүү, иргэний хэрэг маргааны шинжтэй гэж үзвэл түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтанд харъяаллын дагуу шилжүүлэх;
  7. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах;
  8. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох хуульд заасан журмын дагуу төр, байгууллага, хувь хүний нууцтай танилцах;

  Комиссын гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад түүнд илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чандлан хадгалах үүрэгтэй. 

ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

  Гомдлыг шийдвэрлэх талаар Комиссын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах;
  2. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн албан тушаалтанд захиргааны шийтгэл оногдуулах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих;
  3. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн үйл ажиллагаагаа зогсоохыг байгууллага, албан тушаалтнаас шаардах;
  4. Талуудыг эвлэрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх;
  5. Гомдол үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид буцаах;

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад