НҮҮР » Мэдээ мэдээлэл: Нэгдүгээр сар 2012 Жил

КОМИССЫН БҮРЭН ЭРХЭЭС...

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-т заасны дагуу Хүний эрхийн Үндэсний  Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж,  хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага мөн.  Түүнчлэн Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад  санал өгөх, хүний эрхийн талаархи хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, олон улсын хүний эрхийн гэрээг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохыг дэмжих бүрэн эрхийг Комисс эдэлдэг.

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН II НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон боллоо.
  • НҮБ-ын 1982 оны XVI чуулганаар “...гишүүн орнууд...хамгийн ноцтой гэмт хэрэгт ч цаазаар авах ял шийтгэлийг хязгаарлах ёстой” гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, зайлшгүй шаардлага манай улсад байсан бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комисс нь цаазаар авах ялыг халах асуудлыг хөндөн судалж, санал, зөвлөмжийг удаа дараа гаргасаар ирсэн.
  • Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран цаазаар авах ялын нөхцөл байдлын талаар судалгаа явуулж байсан ба 2005 онд манай улсын Засгийн газрын урилгаар ирж ажилласан НҮБ-ын эрүү шүүлтийн талаарх тусгай илтгэгч М.Новакийн  илтгэлд “Цаазаар авах ялыг гүйцэтгэх огноотой холбоотой нууцлал, цогцсыг оршуулахаар өгөхөөс татгалзаж буй нь гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн дарамтад оруулах замаар айлган сүрдүүлэх, хүнлэг бусаар хандахад хүргэж, энэ нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 7 дугаар зүйлийг зөрчиж байна” гэж онцлон дурдагдаж байсан удаатай.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны 12 дугаар сар батласнаас хойш тус конвенцийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар Хүний эрхийн Үндэсний Комисс идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Энэ чиглэлээр Комиссоос явуулсан ажлуудыг товчлон танилцуулбал:

  • Сургалт, сурталчилгааны өргөн хүрээтэй кампанит ажил зохион явуулав. Комисс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцийн агуулга, ач холбогдлыг шийдвэр гаргагчид, олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц”-шийдвэр гаргагчид зориулсан гарын авлага, “Зөв харилцааны цагаан толгой”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”- хялбаршуулсан хувилбарыг боловсруулж, олон нийтэд түгээсэн. Мөн хүний эрхийн талаарх гарын авлага, хууль зүйн мэдээллийг аудио болон брайль үсгээр хэвлүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээл болголоо. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар телевизийн нэвтрүүлгүүд, цуврал хичээл, телевизийн богино хэмжээний сурталчилгаа тогтмол цацуулж ирсэн. Конвенцийг соёрхон батлахыг уриалсан захидлыг Улсын Их Хурлыг гишүүдэд хүргүүлж, Конвенцийн талаарх цогц мэдээллээр хангасан нь ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Комиссын 2011 оны үйл ажиллагааны тайлан

Нэг. Үйл ажиллагааны онцлох үр дүн

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд явуулсан үйл ажиллагааны үр дүнд 2011 онд дараах голлох үр дүнг гаргалаа. Үүнд:

  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 10 дахь илтгэлийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Илтгэлийн мөрөөр гаргасан Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 9 дүгээр тогтоол өмнөх 9 удаагийн илтгэлээр Комиссоос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож, ХЭҮК цаашид гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтийг тооцож, УИХ-д илтгэж байх механизмыг тогтоож өгснөөрөө ач холбогдолтой байв. Түүнчлэн, урьдчилан хорих төв, мөрдөн байцаах албадын байцаалтын өрөөнд дүрс, дуу бичлэгийн төхөөрөмж суурилуулах; Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 километрийн авто гарам, Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн авто гарам дээр 2 түвшинд огтлолцох автомашины гүүр барих зэрэг эрүү шүүлтийг таслан зогсоох,  иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх арга хэмжээний санхүүжилтийг 2012 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн нь тодорхой үр дүн боллоо.

  • Аймгийн төвүүдийн ундны цэвэр усны санг дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргасан Комиссын саналын үр дүнд Ховд, Орхон, Өмнөговь аймгуудын цэвэр усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авахууллаа.

  • Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба шинжээч эмчгүйгээс хэргээ шударгаар шүүлгэх иргэдийн эрх хангагдахгүйд хүрч буй асуудлыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд тавьж, тус аймагт шинжээч эмчийг томилууллаа.

  • Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн байгууллага бий болгох талаар Эрүүл мэндийн яаманд гаргасан санал дэмжигдэж байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж буй 76 өвчтөнд  иргэний бичиг баримт олгуулжээ.

  • Орон нутагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд аймгуудын цагдан хорих байруудад шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах, нөхцлийг сайжруулах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Эдгээрийн үр дүнд Хэнтий аймгийн цагдан хорих байрны агааржуулалтын системийг сольсон, (орон нутгийн төсвөөс 1,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн); Дундговь аймгийн цагдан хорих байрны 16 өрөөний хаалгыг стандартад нийцүүлж, байгалийн гэрэлтүүлгийг нэмэх, Увс аймгийн цагдан хорих байрны хонгилд цонх шинээр гаргаж, байгалийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн, Өвөрхангай аймаг дахь цагдан хорих байрны өрөөнүүдэд урсгал засвар хийж, хяналтын телекамер 4, дохиоллын систем 2-ыг суурилуулан, байцаалтын өрөө бий болгох засварын ажлыг эхлүүлсэн, Сүхбаатар, Дорноговь аймгуудын цагдан хорих байрыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих барилгын ажил эхлүүлсэн байна.  

  • Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу  Цагдаагийн ерөнхий газрын дарга эрүүлжүүлэх байранд хөтлөгдөх бүртгэлийг стандартын дагуу хөтөлж хэвшүүлэх хугацаат үүрэг даалгаврыг нийт харьяа газар, хэлтэст  өгөх, эрүүлжүүлэх байрны эмч ажилтны орон тоо, ажлын ачааллыг судалж, дутуу орон тоонд шинээр ажилтан авах зэрэг арга хэмжээг зохион байгуулснаас гадна Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам, Албадан эрүүлжүүлэх журам, Эрүүлжүүлэх үйлчилгээний төлбөрийн зарцуулалтын журмуудыг шинэчлэн боловсруулж байна.

  • Орон нутагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд аймгуудын эрүүлжүүлэх байруудад явуулсан үйл ажиллагааны үр дүнд Дорнод аймагт орон нутгийн төсвийн 3,0 сая төгрөг, Өвөрхангай аймагт орон нутгийн төсвийн 2,5 сая төгрөг, Дорноговь аймагт улсын төсвийн тодотголын 44,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт,  тус тус хийгдэж, орчин нөхцлийг сайжруулж, засварласан байна. Орхон аймагт орон нутгийн төсвийн 250 сая төгрөгөөр шинээр эрүүлжүүлэх байр барих шийдвэр гарч, ажил эхэлжээ. Нийслэлийн Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төв, 6 дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд нянгийн эсрэг халдваргүйжүүлэх зөөврийн кварц гэрлүүдийг суурилуулжээ.

  • Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хэв журмын эргүүлийн болон замын цагдаа нарыг дүрэмт хувцасны энгэрт зүүх  хяналтын  камераар хангасан нь цагдаагийн алба хаагчдын зүгээс иргэдтэй дүрмийн бус харьцах явдлаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болсон байна.

  • “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний үеэр зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад ажилласны мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

“Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл

Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад хүний эрхийн хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь 2012-2014 онд хэрэгжих бөгөөд гол зорилго нь Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудын талаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийн илтгэл тайлан боловсруулах, хүний эрхийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийг хангах, хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх болон олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох зэрэг чиглэлээр хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход оршино.

Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 оны 1 дүгээр сарын 18-нд Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ХЭҮК-ыг төлөөлж Комиссын гишүүн Ж.Дашдорж, ХТГ-ыг төлөөлж тус газрын дарга Д.Алтай нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Мэдэгдэл

 

Улаанбаатар – 38,                                                                Утас: 262902, 99083926 

Тусгаар Тогтнолын талбай                                                   Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                                         Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                             Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                             

 

              МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС 

                                                                                                                                 2011 оны 01 дүгээр сарын 06.

 

МЭДЭГДЭЛ

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хоёрдугаар нэмэлт  протоколд нэгдэн орох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсныг түмэн олноо сонордуулан мэдэгдэхэд таатай байна.

Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг  түдгэлзүүлэх шийдвэрийг анх удаа гаргаж, хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачлагыг дэмжиж, нөр их хүчин чармайлт тавьж  ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсын Засгийн газарт өгсөн болон олон улсын байгууллагуудаас удаа дараа гаргасан зөвлөмжийг  биелүүлж, нэмэлт протоколд нэгдэн орох хуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталсан  Улсын Их Хурлын дарга, гишүүдэд  Хүний эрхийн Үндэсний Комиссоос талархал илэрхийлж байна.

 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХЭҮК-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан референт З.Бадмаарагаас авна уу. (Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 99083926, 262902)

 

 

Монгол Улс цаазын ялгүй орон боллоо

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон боллоо.

НҮБ-ын 1982 оны XVI чуулганаар “...гишүүн орнууд...хамгийн ноцтой гэмт хэрэгт ч цаазаар авах ял шийтгэлийг хязгаарлах ёстой” гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг.

Үйл явдал
«    Хоёрдугаар сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй