НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮНИЙ ЭРХ, ҮНДСЭН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ХУВЬ ХҮН, НИЙГМИЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРГИЙН ТУХАЙ ТУНХАГЛАЛ

Ерөнхий Ассамблей,

Дэлхийн орон бүхний хүн бүрт хүний бүхий л эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн НҮБ-ын Дүрмийн бүхий л зарчмыг дагаж мөрдөх нь чухал болохыг дахин нотолж,

Хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахиж, даган мөрдөхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтын үндсэн бүрэлдэхүүн болохынх нь хувьд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын Пакт, түүний нэмэлт Протокол, Эдийн Засаг, Нийгэм, Соёлын эрхийн тухай Олон Улсын Пактын ач холбогдлыг давтаннотолж,

мөн НҮБ-ын тогтолцооны хүрээнд болон түүнчлэн бүс нутгийн түвшинд батлан гаргасан хүний эрхийн бусад баримт бичгийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,

Арьс, өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэстний болон нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрөлхийн болон бусад байдал зэрэг аливаа төрлийн ялгаваргүйгээр бүх нийтийн хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихыг хөхиүлэн дэмжиж, зоригжуулах чухал үүрэг хариуцлагаа олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүн хамтаар болон дангаар ханган биелүүлэх ёстой болохыг онцлон тэмдэглэхийн сацуу, НҮБ-ын Дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд олон улс хамтран ажиллахын онцгой ач холбогдлыг давтаннотолж,

Апартейд, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэр, колоничлол, гадаадын эрхшээл буюу түрэмгийлэл, үндэсний тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг халдлага,  заналхийлэл зэргээс үүдэлтэй хийгээд улс түмний өөртөө засан тогтнох эрх болон бүрэн тусгаар тогтносон орныхоо үндэсний болон байгалийн баялагийг ард түмэн бүр өөрөө мэдэн эрхшээх эрхийг үл зөвшөөрөх зэргээс улбаатай үй олныг хамарсан, жигшил төрүүлэм, зохион байгуулалттай түрэмгийлэл зэрэг ард зон, хувь хүний хүний эрх, эрх чөлөөний эсрэг бүх зөрчлийг  арилгахын тулд олон улсын хамтын ажиллагааны гүйцэтгэх эрхэм үүргийн болон хувь хүн, бүлэг, эвсэл холбоодын явуулж байгаа үйл ажиллагааны зүгээс оруулах үр дүнтэй хувь нэмрийн ач тусыг санаж,

Олон улсын энх тайван, аюулгүй байдал нь хүний эрх, эрх чөлөө баталгаатай хэрэгжихэд нягт холбоотой болохыг хүлээн зөвшөөрөн, олон улсын энх тайван, аюулгүй байдал тогтоогүй байх нь хүлээх үүрэг хариуцлагаа тууштай биелүүлэхгүй байхыг зөвтгөх үндэслэл болохгүйг анхааран үзэж,

Хүний бүхий л эрх, эрх чөлөө нь түгээмэл, хуваагдашгүй, харилцан хамааралтай бөгөөд эдгээр эрх, эрх чөлөөг шударга, тэгш түвшинд хөхиүлэн дэмжиж, эрх, эрх чөлөө бүрийн хэрэгжилтийг ялгаж алагчлалгүйгээр хангах ёстойг давтан илэрхийлж,

Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хамгаалах тэргүүний үүрэг хариуцлага нь төрд хамаарах ёстойг онцлон тэмдэглэж,

Хувь хүн, бүлэг, эвсэл холбоо нь үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих, хүний эрх, эрх чөлөөний тухай мэдлэг ойлголтыг дээшлүүлэх үүрэгтэйг хүлээнзөвшөөрч,

Тунхаглаж байна:

1 дүгээр зүйл
Хүн бүр ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, түүний төлөө тэмцэх эрхтэй.

2 дугаар зүйл
1. Улс бүр өөрийн харьяа нутаг дэсгэрт байгаа бүх хүнд ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж бүх эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх нийгэм, эдийн засаг, улс төрийн болон бусад талбарт шаардагдах бүхий л нөхцөл байдлыг бий болгохын зэрэгцээ хууль эрх зүйн баталгааг бүрдүүлж өгөхөд шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлэх замаар хүний бүхий л эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хэрэгжүүлэх эн тэргүүний үүргийг хүлээнэ.

2. Улс бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг үр дүнтэйгээр баталгаажуулахад шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад алхамуудыг авч хэрэгжүүлэх ёстой.

3 дугаар зүйл
НҮБ-ын Дүрэмд нийцсэн дотоодын хууль, тогтоомж болон хүний эрх, эрх чөлөөний талбарт Гишүүн орны хүлээх олон улсын бусад үүрэг хариуцлага нь хүний эрх, эрх чөлөөг ханган хэрэгжүүлэх, мөн тэдгээр эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах, хүндэтгэн биелүүлэхийн тулд энэхүү Тунхаглалд заасан бүхий л үйл ажиллагааг явуулах хууль зүйн үндэс болно.

4 дүгээр зүйл
Энэхүү Тунхаглалд заасан аливаа зүйл, заалтыг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг дордуулах буюу үгүйсгэх, эсвэл Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон Улсын Пакт, түүний Нэмэлт Протокол, Эдийн Засаг, Нийгэм, Соёлын эрхийн тухай Олон Улсын Пакт болон энэ талбар дахь олон улсын бусад гэрээ, конвенцийн зүйл заалт болон үүрэг хүчин чармайлтыг хязгаарласан буюу басамжилсан мэтээр мушгин тайлбарлах ёсгүй.

5 дугаар зүйл
Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор хувь хүн үндэсний болон олон улсын түвшинд ганцаараа буюу бусадтай эвлэлдэн нэгдэж:
a) Тайван замаар уулзалт, цуглаан хийх;
b) Төрийн бус байгууллага, эвсэл холбоо, бүлэг байгуулах, тэдгээрт нэгдэх, оролцох;
c) Төрийн бус байгууллага болон засгийн газар хоорондын байгууллагатай харилцах эрхтэй байна.

6 дугаар зүйл
Хүн бүр ганцаар болон бусадтай нэгдэж:
a) Хүний бүхий л эрх, эрх чөлөөний тухай мэдээллийг, түүний дотор эдгээр эрх, эрх чөлөө нь дотоодын хууль тогтоох, шүүх болон захиргааны тогтолцоонд хэрхэн тусгагдсан талаарх мэдээллийг мэдэх, эрж хайх, олох, хүлээж авах болон хадгалах эрхтэй;
b) Хүний эрхийн болон холбогдох бусад олон улсын баримт бичигт дурдсаны дагуу хүний бүхий л эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг, мэдээллийг чөлөөтэй хэвлэн нийтлэх, бусадтай хуваалцах, түгээн дэлгэрүүлэх эрхтэй;
c) Хүний бүхий л эрх, эрх чөлөөг хууль зүй болон бодит амьдралд мөрдөж баримтлах тухай ойлголтыг судлах, хэлэлцэх, бий болгох, агуулах, мөн эдгээр болон бусад тохиромжтой арга хэрэгслээр энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах эрхтэй.

7 дугаар зүйл
Хүн бүр ганцаар болон бусадтай нэгдэж хүний эрхийн талаарх шинэ ойлголт, зарчмуудыг боловсруулах, хэлэлцэх, мөн тэдгээрийг хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх эрхтэй.

8 дугаар зүйл
1. Хүн бүр ганцаараа болон бусадтай нэгдэж, ялгаварлан гадуурхалтаас ангид нөхцөлд өөрийн орны төр, засгийн ажил, нийтийн үйл хэргийг удирдан явуулахад оролцох бодит боломжтой байх эрхтэй.
2. Мөн ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, төрийн байгууллага, агентлаг, нийтийн үйл хэрэгт хамааралтай байгууллагад чиг үүргийг нь боловсронгуй болгох санал, шүүмж өгөх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн биелүүлэх, хөхиүлэн дэмжих, хамгаалахад саад тотгор учруулж болох тэдгээрийн үйл, ажиллагааны аливаа асуудалд анхаарлыг нь хандуулах эрхтэй.

9 дүгээр зүйл
1. Энэхүү Тунхаглалд дурдсан хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зэргээр хүний эрх, эрх чөлөөг ханган биелүүлэх явцад эрх нь зөрчигдсөн тохиолдолд хүн бүр ганцаар болон бусадтай нэгдэж эрхээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ бодитоор сэргээлгэх эрхтэй.
2. Үүний тулд, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн хэн боловч өөрийн биеэр буюу хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөллөөрөө дамжуулан гомдол гаргах, гаргасан гомдлоо шударга, бие даасан, эрх бүхий шүүх эсвэл хуулийн дагуу байгуулагдсан бусад эрх бүхий байгууллагаар нэн даруй нээлттэй хянан хэлэлцүүлэх, тухайн байгууллагын ш
ийдвэрээр хуулийн дагуу эрхээ сэргээлгэх, нөхөн төлбөр авах, мөн шийдвэрийн биелэлтийг нэн даруй хангуулах эрхтэй.
3. Мөн үүний тулд хүн бүр ганцаар болон бусадтай нэгдэж:
a) Төрийн албан хаагч болон төрийн байгууллагын явуулж байгаа хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн бодлого, үйл ажиллагааны талаар өргөдөл, хүсэлт, бусад тохиромжтой арга хэрэгслээр дотоодын шүүхийн, захиргааны, хууль тогтоох байгууллага, эсвэл тухайн улсын эрх зүйн тогтолцооны эрх бүхий бусад байгууллагад гомдол гаргаж нэн даруй шийдүүлэх;
b) Нээлттэй сонсгол, шүүх хурал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиглалт хийж, үндэсний хууль тогтоомж болон олон улсын  холбогдох хэм хэмжээний дагуу болж байгаа эсэхэд бодол, дүгнэлт өгөх;
c) Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар хуулийн мэргэжлийн зөвлөгөө болон бусад холбогдох зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, санал болгох эрхтэй.
4. Мөн үүний тулд олон улсын зохих баримт бичиг, журмын дагуу хүн бүр ганцаар болон бусадтай нэгдэж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар гомдол хүлээн авах, хэлэлцэх ерөнхий буюу тусгай эрх бүхий олон улсын байгууллагуудтай хүний эрх, эрх чөлөөний асуудлаар саадгүй холбогдох, тэдгээрт гомдол гаргах эрхтэй.
5. Улс бүр өөрийн харьяа нутаг дэвсгэртээ хүний эрх, эрх чөлөөний зөрчил гарсан талаар үндэслэл бүхий мэдээлэл бүрийн дагуу шуурхай, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах буюу хяналт шалгалт хийх баталгааг хангах ёстой.

10 дугаар зүйл
Хэн ч хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэлд оролцох ёсгүй. Тийнхүү үйлдэл хийхээс татгалзсаныхаа төлөө хэн ч шийтгүүлэх буюу сөрөг арга хэмжээнд өртөх ёсгүй.

11 нэгдүгээр зүйл
Хүн бүр ганцаар болон бусадтай нэгдэж, хуулийн дагуу өөрийн мэргэжлээр ажиллах эрхтэй. Ажил, мэргэжилээсээ шалтгаалан хүний нэр төр, хүний эрх, эрх чөлөөнд нөлөө үзүүлж чадах хэн боловч бусад хүний тэдгээр эрх, эрх чөлөөг хүндлэн сахих ёстой ба ажил, мэргэжилдээ хамаатай үндэсний болон олон улсын хэм хэмжээ, ёс зүйг дагаж мөрдвөл зохино.

12 дугаар зүйл
1. Хүн бүр ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг эсэргүүцсэн үйл ажиллагаанд тайван замаар оролцох эрхтэй.
2. Улс бүр хүн бүрийг энэхүү тунхаглалд дурдсан эрхээ хууль ёсны дагуу ганцаар буюу бусадтай эвлэлдэн нэгдэж эдэлснийхээ төлөө аливаа хүчирхийлэл, заналхийлэл, өс хонзон, хуульд заасан хийгээд бодит байдалд хэвшсэн ялгаварлан гадуурхалт, дарамт болон бусад зоргоор хийх үйлдэлд өртөхөөс эрх бүхий байгууллагаар хамгаалуулах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3. Үүнтэй холбоотойгоор, хүн бүр төр үүргээ биелүүлээгүйгээс болж үүссэн зөрчил болон хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж болох тодорхой бүлэг, хувь хүний үйлдсэн хүчирхийллийг ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж эсэргүүцэх буюу тэдгээрийн эсрэг арга хэмжээ авахдаа үндэсний хуулиар хамгаалуулах эрхтэй.

13 дугаар зүйл
Хүн бүр ганцаараа болон эвлэлдэн нэгдэж, энэхүү Тунхаглалын 3-р зүйлд заасны дагуу тайван замаар тухайлан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор нөөц боломжийг шаардах, хүлээн авах болон ашиглах эрхтэй.

14 дүгээр зүйл
1. Төр өөрийн харьяа нутаг дэвсгэрт хүн бүрийн иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгмийн болон соёлын эрхийн тухай мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн хууль тогтоох, шүүх, захиргааны болон зохих бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.
2. Иймэрхүү арга хэмжээнүүдэд:
a) Хүчин төгөлдөр байгаа үндэсний хууль тогтоомж, дүрэм журам болон холбогдох олон улсын хүний эрхийн үндсэн баримт бичгүүдийг хэвлэн нийтлэх ажиллагаа;
b) Олон улсын хүний эрхийн гэрээний байгууллагад гишүүн улсын илгээсэн ээлжит илтгэл, мөн тэдгээр илтгэлийг хэлэлцсэн талаар товч тэмдэглэл, эдгээр гэрээний байгууллагын албан ёсны тайлан зэрэг хүний эрхийн талбар дахь олон улсын  баримт мэдээллийг олж авах бүрэн, тэгш боломж бий болгох зэрэг орно.
3. Төр нь харьяа нутаг дэвсгэртээ омбудсман, хүний эрхийн комисс зэрэг аливаа хэлбэрийн хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний бие даасан, хараат бус байгууллагыг бий болгох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой.

15 дугаар зүйл
Төр нь боловсролын бүх түвшинд хүний эрх, эрх чөлөөний талаарх хичээл сургалтыг хөхиүлэн дэмжих, түүнд дэмжлэг үзүүлэх, мөн хуульч, хууль сахиулагч, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон нийтийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн боловсролын зохих бүрэлдэхүүн хэсгүүдийг тусгах үүргийг хүлээнэ.

16 дугаар зүйл
Хувь хүн, төрийн бус байгууллага болон холбогдох байгууллага нь нийгмийн янз бүрийн давхаргад үйл ажиллагаа явуулахдаа тэдгээр давхаргын хүмүүсийн санаа бодлыг харгалзан үзэж, үндэстэн, арьстны болон шашны бүлэглэлийн дунд ойлголцол, зөвшилцөл, энх тайван болон найрсаг харилцааг бэхжүүлэхэд хүний эрхийн талбарт боловсрол олгох, сургалт, судалгааны ажил зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтэд хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэг олгоход хувь нэмэр оруулах чухал үүрэгтэй.

17 дугаар зүйл
Ганцаараа болон бусадтай эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ, зөвхөн холбогдох олон улсын үүрэг, хэм хэмжээний дагуу болон гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих, ардчилсан нийгэм дэх ёс суртахуун, хэв журам, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс зөвхөн хуулиар тодорхойлсон зохих хязгаарлалтад захирагдана.

18 дугаар зүйл
1. Хүн бүр бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангаж чадах нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээнэ.
2. Хувь хүн, бүлэг, байгууллага болон төрийн бус байгууллага ардчиллыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, ардчилсан нийгэм, байгуулал, үйл ажиллагааг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.
3. Мөн түүнчлэн хувь хүн, бүлэг, байгууллага болон төрийн бус байгууллага нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн бусад баримт бичгүүдэд томъёолсон эрх, эрх чөлөө бүрэн хэрэгжиж болох нийгмийн болон олон улсын эмх журамд байх бүх хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд бололцооныхоо хэрээр хувь нэмэр оруулахад чухал үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

19 дүгээр зүйл
Энэхүү Тунхаглалын аль ч зүйл заалтыг энд тунхагласан эрх, эрх чөлөөг үгүйсгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд оролцох, тийм үйлдэл хийх эрхийг аль нэг хувь хүн, бүлэг, нийгмийн нэгж, төрт улсад олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.

20 дугаар зүйл
Энэхүү Тунхаглалын аль ч зүйл заалтыг НҮБ-ын Дүрмийн заалтуудтай харшилсан хувь хүн, бүлэг хүн, байгууллага, төрийн бус байгууллагын аливаа үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүнд туслалцаа үзүүлэхийг төр улсад зөвшөөрсөн мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.