Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах олон улсын механизм

Хүний эрх, эрх чөлөөний асуудал дэлхий нийтэд  чухлаар тавигдах болж  өнцөг булан бүрт хүний эрхийн тухай сурталчилж, дэлгэрүүлэхийг эрмэлзэж байна.  Дэлхий дээр оршин тогтнож буй 200 шахам улс  өөр өөрийн түүх, нийгэм, соёл, зан заншил өөрийн гэсэн онцлогтой. Үүнээс хамааран иргэдийнхээ хүний эрхийг хангах арга, аргачлал нь харилцан адилгүй байдаг бөгөөд  тухайн улсын хөгжлийн төвшин, нийгмийн ухамсар,  иргэдийнх нь боловсролын түвшнээс хамааран хүний эрхийг хамгаалж, хөхиүлэн дэмжих арга механизм нь ялгаатай байдаг. Тиймээс улс орон бүрт үйл ажиллагаагаа явуулж буй хүний эрхийг хамгаалагч нарт тулгардаг хүндрэл бэрхшээл нь ч харилцан адилгүй байдаг байна .

 

Хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ?

НҮБ-ын Ерөнхий Ассамблей  1998 онд  Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалыг олон улсын хэмжээнд батлан гаргасан юм. Уг тунхаглалд: “Хүн бүрбие даан дангаарбуюу бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, түүний төлөө тэмцэх эрхтэй.” гэж заасан.
Хүний эрхийг хамгаалагч нь ямар хүн байх тухайд нээлттэй ба, харин хүний эрхийг хамгаалагч нь хүний эрх, хүний болон хүмүүсийн үндсэн эрх чөлөөнд гарсан зөрчлийг арилгахад хүчин чармайлт гаргаж буй хүн, эсвэл бүлэг хүмүүс болон нийгэмлэг байж болох тухай заасныг бид анхаарах учиртай.  Хүний эрхийг хамгаалагчдын хүрээг энэ мэтээр өргөн хэмжээнд авч үзэж байгаа нь уг ойлголтод аль болох олон хүнийг багтаах боломж олгож байгаа юм. Жишээ нь: Олон улсын томоохон хүний эрхийн байгууллагад ажиллагсадаас  эхлээд  хөдөө сумд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаар ажиллаж байгаа хүнийг  нэрлэж болно. Хамгаалагч нь  иргэншил, нас, хүйс, үндэс угсаа, мэргэжил, нийгмийн гарлын хувьд ямар ч хүн /олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, засгийн газар хоорондын байгууллага, төрийн албаны болон хувийн хэвшилд ажилладаг/.байж болно  Бас нэг онцлог нь хүний эрхийн хамгаалагч нь заавал хүний эрхийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж, ажилладаг байх шаардлагагүй ба тодорхой нэг асуудлаар хэсэг хугацаанд, ямар нэгэн байдлаар хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд оролцсон байж  болно.

Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаар олон улсын түвшинд гаргасан баримт бичгүүд

НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэг /ЕАБХАН/, Европын холбоо болон Европын Зөвлөл зэрэг байгууллагууд олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар баримт бичиг гаргадаг. Учир нь хүний эрхийг хамгаалах, баталгаажуулагчид н, эрсдэлд  өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаанд тохиолдож буй саад бэрхшээлийг багасгах, илүү үр дүнтэй ажиллуулахад  өөрсдийг нь хамгаалах механизм бий болгох хэрэгтэй гэж үзжээ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 онд баталсан хэдий ч, тус тунхаглалд заасан эрхүүдийг нь хэрэгжүүлэн хамгаалах  хамгаалагчдын тухай НҮБ-ын хүний эрхийн хамгаалагчдын тунхаглал бүр хожим буюу 1998 онд гарсан байна. Өөрөөр хэлбэл, 50 жилийн дараа хүний эрхийг хамгаалахад хүний эрхийг хамгаалагчдыг өөрсдийг нь хамгаалж, тэднийг дэмжиж, туслах нь хүний эрхийг хамгаалах ажил илүү үр бүтээлтэй гэдгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байна.
Эрх зүйн  хувьд“тунхаглал” гэдэг нь заавал биелэгдэх шинж агуулаагүй боловч  бусад олон улсын хүний эрхийн гэрээ конвенцид заасан хүний эрхийн стандартыг агуулсан байдаг. Жишээ нь: Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар зөвшилцөж гарсан баримт бичиг тул улс орнууд харилцан тохиролцсон үүргээ өөрсдийн дотоодын хууль зүйн тогтолцоондоо нутагшуулж, мөрдүүлэх ёстой юм.
НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн байгууллагууд хүний эрхийг хамгаалагчдын талаар өөр өөрийн баримт бичгээ гаргаж зохицуулалт хийдэг.

Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагууд хүний эрхийг хамгаалагчдыг хэрхэн хамгаалдаг вэ?

Хүний эрхийг хамгаалагчдын дийлэнх нь үндэсний хэмжээнд юм уу өөрийн улсынхаа нэг хэсэг газар үйл ажиллагаа явуулдаг, тиймээс тэдгээр хүмүүсийн ажлын нөхцөл байдалтай танилцах, үүний талаар мэдээлэл авах нь асуудал эрхэлсэн тусгай илтгэгчид нэн чухал бөгөөд, уг мэдээллээ улс орнуудын төрөл бүрийн эх сурвалжаас авдаг байна.
Хүний эрхийг хамгаалагчдын тусгай илтгэгч
НҮБ-ын Хүний эрхийн Комисс нь 1998 онд гаргасан Хүний эрхийг хамгаалагчдын тухайн тунхаглалыг хэрэгжүүлэх үүднээс 2000 онд хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн бүрэн эрхтэй болсон ба Тусгай төлөөлөгчөөр  Пакистан Улсын иргэн Хина Жилан томилогдож, Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалын хүрээнд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах олон улсын анхны механизм  болжээ. Хүний эрхийн Зөвлөл нь уг бүрэн эрхийг 2008, 2011 онд тус тус гурван жилээр сунгасан бөгөөд 2008 онд НҮБ хүний эрхийг хамгаалагчдын Тусгай төлөөлөгчийг “Тусгай илтгэгч” болгон өөрчилж Уганда Улсын иргэн Маргарет Сэкаджяаг томилсон түүхтэй. Уг албан тушаалын нэр нь өөрчлөгдсөн хэдий ч үйл ажиллагаа, эрхэлсэн ажил, бүрэн эрх нь хэвээр байна.
Тусгай илтгэгч нь ямар ч улсаас хараат бусаар ажилладаг ба дараах бүрэн эрхтэй:
1.    Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл хайж, хүлээж авах, шалгах, хариу өгөх
2.    Тунхаглалын хэрэгжилтийг сайжруулах үүднээс улс орнуудын засгийн газар болон бусад байгууллагуудтай яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллах
3.    Хүний эрхийг хамгаалагчдын талаар баримтлах үр дүнтэй стратеги боловсруулах, сайжруулах талаар зөвлөмж өгч гүйцэтгэлд нь хяналт тавих
Тусгай илтгэгчийн ойлголтоор хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах гэдэг нь хамгаалагчдыг өөрсдийг нь хамгаалах, тэдгээрийн хүний эрхийг хамгаалах эрхийг нь хамгаалах гэсэн асуудлуудыг хамруулдаг.
Тусгай илтгэгч хүний эрхийг хамгаалагчдын эрхийг зөрчсөн аль нэг хэргийг онцгойлон авч үзэж болох бөгөөд  уг хэргийн талаарх мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжаас авах эрхтэй. Жишээ нь: Ямар ч мэдээллийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, НҮБ болон НҮБ-ын харьяа байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авахаас гадна хүний эрхийг хамгаалагч хувь хүнээс ч мэдээлэл авч болно.
Хамгаалагчдын эрх зөрчигдсөн улсын засгийн газарт уг асуудлыг судлах, хянан шийдвэрлэх, шалгах талаар мэдэгдэл явуулдаг. Хэрэв тухайн цаг үед хүний эрхийн зөрчлүүд гарч байвал  тэдгээрийг зогсоох, эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн шуурхай захидал явуулдаг.
Тусгай илтгэгч нь бусад тусгай илтгэгч нартай  зөвлөлдөж, байнгын  холбоотой ажилладаг.
Тусгай илтгэгчийн өөр нэг бүрэн эрх нь аливаа улс орнуудад албан айлчлал хийж тухайн нөхцөл байдалтай нь дэлгэрэнгүй танилцаж, илрүүлсэн асуудал дээр шийдэж болох арга замын талаар зөвлөмж өгдөг. Тусгай илтгэгчийн албан айлчлал нь 5-10 хоног үргэлжилдэг бөгөөд  айлчлалын үеэр төр засгийн удирдлагууд, холбогдох сайд нар, хараат бус хүний эрхийн байгууллагууд, НҮБ-ын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн болон хүний эрхийг хамгаалагч нартай биечлэн уулздаг. Энэ нь тус улсын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд бодитой үнэлгээ хийж, цаашид тухайн  материал дээр үндэслэн хамгаалагчдыг дэмжихэд  чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм.
Жишээ нь: 2013 оны хүний эрхийг хамгаалагчдын тусгай илтгэгчийн бэлдэх илтгэлдээ хүний эрхийг хамгаалагчдын асуудал дээр хүний эрхийн үндэсний байгууллагууд ямар үүрэг, рольтой байгааг тодорхойлох чиглэлээр 3 төрлийн /гишүүн оронд, хүний эрхийн үндэсний байгууллага, тухайн оронд үйл ажиллагаа явуулаж буй төрийн бус байгууллага/ санал асуулга боловсруулж явуулсан байдаг. 17 улсын  / Монгол Улс явуулаагүй/, Хүний эрхийн Үндэсний байгууллагуудаас хариу ирүүлсэн байна. Африкийн зургаа, Амеркийн 10, ази номхон далай зургаа / түүнчилэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс/, европ болон төв ази найм, ойрх дорнод хойд африкаас хоёр, Төрийн бус байгууллагуудаас африкийн дөрөв, ази номхон далай найм /Монголоос ирүүлээгүй/, европ болон төв азиас Швейцар ганцаараа ирүүлсэн, ойрх дорнод хойд африкаас  дөрвөн улсын төрийн бус байгууллагууд тус тус ирүүлсэн байсан. Үүний эцэсд 2013 оны наймдугаар  сарын 5-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь чуулганаар Ассамблейн 66-164 дэхь тогтоолын дагуу хүний эрхийг хамгаалагчдын Тусгай илтгэгч тайлагнасан. Уг илтгэлдээ 2008 оноос ажил хүлээж авсанаас хойш өөрийн хийсэн ажлаа дүгнэж, өргөн хүрээний хөгжлийн хөтөлбөрүүд болон хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааны талаар, хөгжлийн төсөлд хүний эрхийг хамгаалагчдын оролцоог аюулгүй, ач холбогдолтой болгох, мөн эдгээр үйл ажилгаануудаа хүний эрхэд суурилсан хандлагатай болгох эрмэлзэл. Илтгэлийн эцэсд нь тусгай илтгэгч нь дүгнэлт хийж, хамаралтай зарим оролцогч талуудад зөвлөмж өгсөн байсан.