НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРААС ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

“Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” хэмээсэн нь хүний эрхийн гэрээн дэх хамгийн сонсголонтой, сайхан үгс гэж болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь гачигдах зүйлгүй, айх айдасгүй амьдралын тулгуур болох хүн бүрийн эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын болон иргэний эрхүүдийг баталгаажуулдаг. Дээрх эрхүүд нь гагцхүү нэг улсад л эдлэгдэхгүй. Мөн тодорхой нэг эрин үе эсхүл аль нэг нийгмийн бүлэгт хамаарах буюу зөв зан үйлд зориулсан шагнал биш. Хүний эрх нь бүх хүнээс салшгүй, жилийн 365 хоногийн турш цаг ямагт, хаана ч эдэлвэл зохино. Хүйс, нийгмийн анги, давхарга, сүсэг бишрэл, нас, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээлээсээ үл шалтгаалан бүхий л арьсны өнгө, угсаа гарвалтай, бүр угсаатны цөөнхөд багтах хүмүүс, иргэн, эсхүл цагаач эсэхээс хамааралгүй эдэлдэг онцлогтой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар дамжуулан дэлхий дээрх хүн бүрийн өмнө хүлээсэн үүрэг амлалт нь өөрөө том амжилт билээ. Тодруулбал, хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн дарангуйлал, ялгаварлан гадуурхалт, хүнийг дорд үзэх, гутаан доромжлох явдлыг эрс эсэргүүцсэн юм. Үүнтэй уялдан уг тунхаглалыг баталснаас хойш үй олон хүн эрх чөлөөтэй болжээ. Дэлхий дахинд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж байгаагийн зэрэгцээ бие даасан, хараат бус байдлыг олж авлаа. Хүн бүр гэж хэлэхгүй ч маш олон хүн эрүү шүүлтэд өртөх, шударга бусаар шоронд хоригдох, цаазаар авахуулах, хүчээр сураггүй алга болгох, хавчиж шахах, ялгаварлан гадуурхахаас ангид байж, шударга, тэгш байдлаар боловсрол эзэмших, эдийн засгийн боломж эдлэх, соёлын баялаг уламжлалаа хадгалах, хангалттай нөөцөөс хүртэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо. Хүний эрхийн олон улсын эрх зүйн хүчирхэг тогтолцоо нь буруу үйлдэлд шударга ёсыг тогтоож, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалдаг болжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүч нь дэлхийг өөрчлөх санаа бодолд оршино. Ялангуяа бидэнд жилийн 365 өдрийн туршид хүний эрх нь чухал, хуваагдашгүй болохыг ойлгуулдаг. Мөн Хүний эрхийн өдөр нь өдөр болгон тохиох буюу хүн бүр тэгш эрх, эрхэм зэрэг, эрх чөлөөтэй байх явдлыг хангахын төлөө бидний ажиллах өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн байгууллага нь дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа сая сая хүмүүсийн талд зогсдог. Та бүхэн бидэнтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эсхүл биечлэн нэгдэнэ гэдэгт найдаж байна. Бид хамтдаа шаардах ёстой зүйл бол жилийн 365 хоногийн турш түгээмэл, хуваагдашгүй, салшгүйгээр орших хүний эрхээ баталгаатай эдлэх явдал юм.
Эх сурвалж: http://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx? NewsID=15374&LangID=E