Хүнийн эрхийн өдөр

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ


 

Шинэ хууль батлагдан гарсны дараахан хоёр иргэн ийн ярилцжээ.


Бат: -Өө, ашгүй, энэ хараач. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдчихсан байна.


Дэлгэр: -Манайд ийм хууль байгаагүй бил үү?


Бат: - Байгаагүй. Энэ хууль жирийн иргэн бидэнд их үгүйлэгдэж байсан юм. Төрийн байгууллагатай холбоотой мэдээлэл олж авахын тулд байгууллагуудын үүд сахиж, хүнд сурталтныг царайчлахгүй боллоо гэсэн үг.


Дэлгэр: -Тэгээд энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бол?


Бат: - Хэрэгжээд эхэлчихсэн юм байна. Гэхдээ зарим хэсэг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн байна лээ.


Дэлгэр: -Хэзээ баталсан гэнэ?


Бат: - Өнгөрсөн хавар. Зургадугаар сарын 16-нд УИХ баталсан гэнэ.


Дэлгэр: -Эгэл жирийн иргэд төрийн байгууллагатай холбоотой мэдээлэл олж авах хэцүү шүү дээ.


Бат: -Тийм ээ, одоо тийм хүндрэл гарахгүй байх. Энэ хуулинд зааснаар бол төрийн байгууллагууд бүхий л ажил, үйлчилгээнийхээ талаар цахим хуудас болон мэдээллийн самбартаа байршуулах үүрэгтэй болсон юм байна.


Дэлгэр:  -Ер нь манай төрийн байгууллагийнхан цахим хуудсаа ажиллуулдаг юм уу. Тэндээс хэрэгтэй мэдээлэл олно гэдэг эргэлзээтэй. Хэдэн жилийн өмнө оруулсан юм бол гэмээр хуучирсан мэдээлэл л харагддаг шүү дээ.


Бат: - Харин тийм ээ. Гэхдээ одоо ийм явдал байхгүй болох юм шиг байна аа, хөгшөөн. Цаадуулыг чинь чангалж байгаа бололтой юм аа. “Цахим хуудасны мэдээллээ 14 хоног тутамд сэргээн шинэчилж байх ёстой” гээд энэ хуулинд заачихсан байна лээ.


Дэлгэр:  -Ингэхэд бид төрийн байгууллагаас ямар мэдээллийг авч болох юм бол?


Бат: -За, бараг л хүссэн бүх мэдээллээ авч болох юм шиг байна аа. Энд бичсэнээр бол тэр бүү хэл, төр засгийн нөхдүүд шинээр боловсруулж байгаа тогтоол, шийдвэр, зарим баримт бичгээ батлан гаргахаасаа өмнө олон нийтэд нээлттэй мэдээлж, хүмүүсийн саналыг авч боловсронгуй болгох үүргийг хүлээх юм гэнэ.


Дэлгэр:  -Наадах чинь харин сайхан мэдээ байна шүү. Алдаа мадаг, хуудуутай шийдвэр гарахгүй гэсэн үг шүү дээ.


Бат: -Чухам аа, чухам. Хэлээд юу хийхэв.


Дэлгэр: Иргэдийг мэдээллээр хангах ийм сайхан боломжийг нээж өгч байгаа наад хуулинд чинь тэгээд төрийн байгууллагад ажиллахыг хүссэн хүмүүст зориулсан зарын чанартай мэдээллийг ил болгох талаар оруулсан болов уу?


Бат: -Оруулсан байна аа. Төрийн байгууллагууд сул байгаа орон тоогоо зарлах ёстой юм байна. Байгууллагуудын онцлогоос шалтгаалан төрөл бүрийн л мэдээллийг олж авч болох юм байна. Тухайлбал, “...тодорхой төрлийн аж ахуйн эсвэл ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог байгууллагууд бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байх ёстой. Бас салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын тухай ч мэдээлэх үүрэгтэй” гэжээ.


Дэлгэр: -Тендерийн сонгон шалгаруулалтын талаар цахим хуудсандаа тавих байгууллага байхгүй дээ?


Бат: -Энэ хуулиар бол төрийн байгууллага тендер, худалдан авах бараа, ажил, үйлчилгээнийхээ талаар тухай бүрт олон түмэнд ил мэдээлэх, цахим хуудастаа байршуулах үүрэг хүлээсэн юм байна.


Дэлгэр:  -Энд тэндхийн байгууллага дээр очоод хэрэгтэй мэдээллээ авъя гэхээр байгууллагын нууц гээд хөдөлдөггүй шүү дээ. Одоо тэгвэл тийм хаалт байхаа болино гэсэн үг үү?


Бат: -Тийм ээ, байхгүй болно. Би чамд уншаад өгье. “...Хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй.  Жишээ нь: тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракт, тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл”... гэсэн байна. Сонирхолтой л юм.


Дэлгэр: - Зэвсэгт хүчин, цэргийн байгууллагаас бас мэдээлэл авч болох болов уу?


Бат:  - Үгүй, цэрэг, тагнуулынханд энэ хууль үйлчлэхгүй гэнэ.


Дэлгэр:  -Нэг юм асуучих уу, мэдээлэл авах эрх гэж юу юм бэ, мэдэх үү, хө?


Бат: -За даа, миний уншсанаар бол хүн бүр ижил тэгш эрхтэй. Тиймээс манай улсын иргэн бүр “...Эрх тэгш байх, мэдээлэл авах хэлбэрээ сонгох, мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх, мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах, мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах, мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх, мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, хуульд заасан бусад эрхтэй” юм байна билээ.


Дэлгэр:  -Тэр байгууллагуудаас хүссэн мэдээллээ авсны хариуд бид ямар нэг хураамж төлөх үү?


Бат: -Тодорхой хэмжээний үйлчилгээний хөлс төлөх юм байна. Гэхдээ каноны хөлс ч юм уу, эсвэл шуудангийн зардал төдийхнийг л авах юм байна лээ. Үүнийг Засгийн газраас батлах юм гэсэн.


Дэлгэр:  -Хэрвээ мэдээлэл авах эрх маань зөрчигдөж, энэ хуулийг хэн нэгэн албан тушаалтан бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзвал хэнд хандах вэ?


Бат: -Ийм тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах юм гэнэ. Хүний эрхийн Үндэсний Комисст ч гомдол гаргаж болох юм байна. Эсвэл иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандаж болно гэж бичсэн байна.


Дэлгэр:  -Мэдээлэл өгөөгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох болов уу?


Бат: -Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах гэнэ. Олон удаа хууль зөрчсөн бол ажлаас нь халах юм байна.


Дэлгэр: -Ингэхэд олон нийтэд нээлттэй байлгахгүй, нууц мэдээлэл гэж байх юм уу?


Бат: -Байгаа юм байна. Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц нууц мэдээлэл, төрийн болон хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай тохиолдлыг энд зааж өгчээ. Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглох юм байна. Тухайн хүн өөрөө бичгээр зөвшөөрөл өгөөгүй бол хувийн чанартай мэдээллийг бусдад өгөхийг хоригложээ.


Дэлгэр:  -За, за, ямар ч байсан бидний мэдэх эрх баталгаажсан юм байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Баяртай.


Бат: -Зүгээр дээ, би ч бас мэдэж авлаа. Сайхан ярилцлаа. Баяртай.


Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль татаж авах