Хүнийн эрхийн өдөр

ТЭМЦЭЛДЭХГҮЙГЭЭР ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Махатма Ганди

 

Мохандас Карамчанд Ганди (1869-1948) бол 90 гаруй жил Энэтхэг Улсыг захирсан Британичуудаас эрх чөлөөгөө олохыг зорьсон их үйл хэргийн удирдагч юм. Түүнийг “Аугаа сэтгэл” гэсэн утга илэрхийлэх “Махатма” гэдэг нэрээр хүндэтгэн дууддаг.


Тэрээр Энэтхэг Улсын Порбандар хотод 1869 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төржээ. Орон нутагтаа нэртэй удирдагч болох эцэг нь Гандиг 16 настайд нь өөд болсон байна.


Гандигийн эцэг эх түүнийг 13 настайд нь огт танихгүй Кастурба гэдэг охинтой гэрлүүлэхээр сүй тавьжээ. Тухайн үед төлөвлөж гэр бүл болох уламжлал байсан аж. Хосын дундаас төрсөн дөрвөн хүүгийн ууган нь Гандиг хуульч болохоор Английн Лондон руу явахын өмнөхөн 1888 онд төрсөн байна.


Ганди 1891 онд Энэтхэгт эргэн ирсэн ч эх орондоо хуульч мэргэжлээрээ амжилт олж чадаагүй байна. Тэрээр Өмнөд Африкт түр ажиллахаар шийдэн, 1893 онд очиж, хуульчаар ажиллах болов.

Британийн эзэнт гүрний нэг хэсэг болсон Өмнөд Африкт Ганди Энэтхэгчүүдийн эсрэг чиглэсэн бусармаг зүйлстэй нүүр тулав. Хэрэв цагаан арьстай хүн явж таарвал энэтхэг хүн суудлын мөнгөө төлсөн байсан ч галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн суудлаас шууд хөөгдөж байлаа. Олон зочид буудалд оруулахгүй, зодож нүдэн, элдэв нэрээр дууддаг байжээ.


Ганди хүчирхийлэлгүйгээр Энэтхэг хүмүүсийн эрхийн төлөө тэмцэхийн тулд хуулийг өмнөө барьдаг байлаа. Шударга бус явдлыг эсэргүүцэхдээ тэр захиа бичиж, товхимол гарган, тайван байдлаар тэмцэх болов. Жишээлбэл: төрийн үйлчилгээг авахгүй байх, төрийн албан хаагчтай хамтран ажиллахаас татгалзах, төмөр замыг хааж зогсох зэрэг идэвхгүй байдлаар эсэргүүцэж байлаа. Долоон жилийн дараа Өмнөд Африкийн засаг захиргаа Гандигийн шударга ёсны төлөөх дуу хоолойны өмнө мөхөсдсөн гэж хэлж болно. Түүний Өмнөд Африкт эрхэлсэн “түр” ажил нь хорин жилийн турш үргэлжилсэн хүний эрхийн төлөөх тэмцэл болон хувирсан байна. Эцэст нь тэр гэртээ харих цаг боллоо гэж үзэн, 1914 онд Энэтхэгт эргэн ирж бүрмөсөн суурьшсан билээ.


Дөчин таван насандаа Ганди Британиас эх нутгаа чөлөөлөх, эх орон, ард түмэндээ тусгаар тогтнолыг олгохын төлөө тэмцэх болсон юм. Тэр өөрийг нь дагах Энэтхэгчүүдэд Британид хийсэн ямар ч зүйлийг авахгүй байхыг уриалжээ. Мөн тайван байдлаар жагсаж, өлсгөлөн зарлаж байлаа. Британийн шударга бус хуулийг дагахгүй байхыг түмэнд уриалж байлаа.


Түүний хийж байгаа зүйлс Британийн төрд таалагдаагүй учраас 1922 онд баривчлагдан хоёр жил хоригджээ. Түүний найз Жавхарлал Неру Энэтхэгийн улс төрийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг нь үргэлжлүүлсэн байна.


Гэхдээ Ганди бууж өгөөгүй бөгөөд Энэтхэгт буцаж ирснээс хойш 15 жилийн хугацаанд Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагч байсан юм. Британичууд түүнийг дахин хорьсон ч тэрээр энэ шалтгааны төлөө хоригдох бол нэр төрийн хэрэг гэж үзсэн билээ.


Энэтхэг Улс 1947 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тусгаар тогтносон улс болж, Ж.Неру анхны Ерөнхий сайд (Төрийн тэргүүн) болжээ. Тэгж байтал Энэтхэг Улс дахь Хинду болон Ислам шашны хооронд тэмцлийн гал аслаа. Ганди 78 насандаа 1948 оны 1 дүгээр сард цус урсгасан явдлыг зогсоохоор өлсгөлөн зарлав. Таван өдрийн дараа тэмцлээ зогсоохоо амлаж, Ганди өлсгөлөнгөө зогсоосон байна. Тэрээр арван хоёр өдрийн дараа алуурчны гарт амиа алдсан юм.


Ганди олон сая хүний өмнө гайхалтай үлгэр жишээ болсон билээ. Мартин Лютер Кинг Америкийн Нэгдсэн Улсад нийгмийн өөрчлөлт хийхийн тулд Гандигийн олон аргыг ашигласан байдаг. Гандигийн хэлсэн үгнээс эш татвал:


“Аз жаргал бол чи зөв бодож, хэлж, хийхийг хэлнэ”

“Бодол санаагаа ямагт цэвэр ариун байлгахад анхаарвал аливаа үйлс бүтэх болно.”

“Нүглийг үзэн ядаж, нүгэлтнийг хайрлая.”

“Үнэнхүү ялгаатай байдлыг ахиц дэвшлийн эрүүл шинж гэж болно.”

“Би өөрийн дотоод мөн чанараа бүрэн илэрхийлэхийн тулд эрх чөлөөг хүсч байна.”

“Сул дорой нэгэн хэзээ ч өршөөж чаддаггүй. Өршөөл энэрэл бол хүчтэй нэгнээс харах шинж”

“Та ертөнцөд харахыг хүссэн өөрчлөлт байх ёстой”