Хүнийн эрхийн өдөр

ИРГЭНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ХАМГИЙН БЯЦХАН БААТАР


ИРГЭНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ХАМГИЙН БЯЦХАН БААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Руби Бриджес

 

Зургаан настай Руби Бриджес охин 1960 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Луизиана мужийн Нью Орлеан хот дахь гэрээсээ гарч, хэдэн хорооллын цаана байрлах Виллиам Францын нэрэмжит нийтийн сургууль уруу алхлаа. Телевизийн камер түүнийг дагаж байв. Үсээ ардаа боосон Африк-Америк гаралтай бяцхан охин уруу уурласан хүмүүс чангаар орилон, түүнийг заналхийлж байлаа.

Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Двайт Д.Эйзенхаур холбооны засаг захиргааны шийдвэр биелүүлэх зэвсэглэсэн албан хаагчид Рубиг хамгаалж, сургуульд нь хүргэхийг тушаал гаргасан байна. Хотын захиргаа болон цагдаагийн зүгээс тусалсангүй. Холбооны засаг захиргааны шийдвэрийг биелүүлэх албан хаагчид цугласан хүмүүсийг баривчлана гэж айлган, байдлыг хяналтдаа байлгахыг хичээж байлаа.


Замдаа Руби юу ч дуугараагүй бөгөөд ээжийнхээ хэлсэн ёсоор толгойгоо өөд алхсаар сургуульдаа очлоо. Руби бол цагаан, хар арьст хүүхдүүд өөр өөр сургуульд явах ёстой гэсэн Луизиана мужийн хуучин хуулийг өөрчлөхөөр Өнгөт арьст хүмүүсийг дэмжих үндэсний холбооноос сонгосон дөрвөн Африк-Америк гаралтай охины нэг ажээ. Холбооны шүүхийн шүүгч хар арьстай хүүхэд өөр сургуульд явах ёстой гэсэн Луизиана мужийн хууль нь Холбооны хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Тэрээр энэ шударга бус хуулийг хүчингүйд тооцож, хар болон цагаан арьстай хүүхэд нэг сургуульд явах боломжийг олгожээ. Руби цагаан арьст хүүхэд сурдаг сургуульд анхлан суралцах Африк-Америк хүүхэд болохыг зөвшөөрсөн юм.


Гэхдээ хууль хүнийг өөрчлөөгүй. Хүмүүс хүнийг өөрчилдөг. Эхний жил Руби ангидаа цор ганцаараа байсан юм. Хэдэн сарын турш тэр ямар ч хүүхэдгүй сургуульд ганцаараа сурлаа. Цагаан арьст эцэг, эх хүүхдээ хар арьст охинтой нэг сургуульд хамт явуулахыг зөвшөөрөхгүй байлаа.


Тэрээр хамт тоглох, зэрэгцэж сурах, нэг дор хоол идэх хүүхэд байхгүй байсан ч сургуульдаа явж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан сурч байв. Тэр зөв гэж бодон хийж буй зүйлээ бусдын уур хилэнгээс болж зогсоохыг зөвшөөрөөгүй юм. Руби хоосон барилга доторх хүүхэдгүй ангид уншиж, бичиж сурсан юм.


Нэг өдөр түүний багш хатагтай Хэнри Рубиг зогсоод, эргэж харахыг үзжээ. Багш эмэгтэй Рубиг цугласан олонд хандан, ямар нэг үг хэлэх нь гэж бодсон байна. Харин Руби “Би юм хэлээгүй, харин залбирч байсан... Би тэдний төлөө залбирч байсан” гэсэн юм.


Руби өдөр бүр сургуульдаа явахдаа шуугин зогсох олны урд ирэхийн өмнө залбирал үйлддэг байжээ. Тэр өдөр Руби олны дунд орохоосоо өмнө залбирал уншихаа мартсан байж. Рубиг явах замдаа зогсоход хүмүүс гайхан харсан бөгөөд тэрээр ойр хавьд ямар ч хүн байхгүй мэтээр: “Бурхан минь, эдгээр хүмүүсийг өршөөгөөч. Тэд хэдийгээр муухай зүйлс хэлсэн ч тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа. Та эрт дээр цагт таныг муухайгаар хэлж байсан хүмүүсийг өршөөж байсан шигээ эдгээр хүмүүсийг өршөөгөөч” гэжээ.


Рубигийн аав цэвэрлэгч бөгөөд, ээж нь хүүхдүүдээ унтуулсны дараа банкны шал угаахаар явдаг байв. Аав ээж хоёр нь ажиллаж байсан ч заримдаа Рубигийн гэр бүл өдрийг өлөн зэлмэн өнгөрөөдөг байсан гэнэ. Рубигийн ээж хүүхдүүдээ төрсөн цагаас нь хойш Ням гараг бүр сүм рүү дагуулан явж заншжээ. Тэрээр хүүхдүүдээ багаас нь л Бурханд ойр байлгахыг хүсдэг нэгэн байв. Руби маш зоригтой хүүхэд байлаа. Тэр өдөр бүр сургуульдаа явж, даалгавраа хийн, хэзээ ч гомдоллож байсангүй. Түүний гэр бүл шүүхээс ямар ч шийдвэр гарсан түүнийг тэсч давах хүч хайрлахыг гуйн залбирдаг байлаа. Руби түүх бүтээх замыг сонгосонд нь эцэг эх нь маш баяртай байсан аж.


Хэдэн сарын дараа хоёр цагаан арьст хүүхэд сургуульдаа эргэн ирж, удалгүй дахин хэдэн хүүхэд нэмэгдэв. Эдгээр хүүхдийн эцэг эх “сургуульд хар арьст охин байх нь өөрийн хүүхдэд сайн боловсрол олгоход саад болох үндэслэлтэй шалтгаан болохгүй“ гэж үзсэн байна.

Дараа жил нь цухалдан уурлах хүмүүс Рубиг айлгах гэж цуглахаа болсон байв. Руби Францын нэрэмжит бага сургуулийг дүүргэж, ахлах сургуульд суралцахаар анги дэвшсэн байна.

Хэдэн жилийн дараа Рубигийн ээж охиныхоо туулсан замыг эргэн хараад “Руби маань бидэнд их зүйлийг заасан. Тэр энэ улсыг өөрчлөхөд тусалсан хүн болжээ. Охин маань түүхийн хуудсанд гарах генералууд, ерөнхийлөгчид шиг түүхийн нэг хэсэг болсон. Руби маань тэдэнтэй адил манлайлагч. Тэр биднийг үзэн ядалтаас холдуулж, цагаан болон хар арьст хүмүүс нэг нэгнийгээ илүү ойр таньж мэдэхэд хүргэсэн” гэж хэлжээ.


Руби Бриджесийн түүхийг зураач Норман Роквел өөрийн “Бидэнтэй зэрэгцэн амьдрах асуудал” бүтээлдээ дүрсэлж, Роберт Колесын “Руби Бриджесийн түүх” номдоо өгүүлжээ. Мөн тэрээр “Миний нүдээр харахад” нэртэй ном хэвлүүлжээ.


Өнөөдөр Руби өөрийн түүхийг ярих, арьсны өнгө ялгалгүй бүх хүмүүсийг хүндэтгэе гэсэн санаагаа түгээхээр улс даяар олон сургуулиар явж, арга хэмжээнд оролцдог болжээ. Руби ашгийн төлөө бус “Руби Бриджес Сан” байгуулж, боловсрол, хүүхдийн сэдэл санаагаар дамжуулан, бурангуй үзэл, арьс өнгөөр ялгаварлах явдлыг устгахын төлөө ажиллаж байна. Тэр ямагт “Арьс өнгөөр ялгаварлах үзэл бол маш хүнд өвчин тул үүнийг тараахад хүүхдийг ашигладаг явдлыг бид зогсоох ёстой” гэдэг.