Хүнийн эрхийн өдөр

ЭНЭ ЦАГИЙН НЭГЭН ГАЙХАМШИГ



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Доктор Мухамед Юнус

 

 Заримдаа аугаа хүмүүнлэгийн үйлс энгийн зүйлээс эхэлдэг. Бангладеш Улсад нэгэн чинээлэг гэр бүлд төрсөн Мухамед Юнус хэмээх хүүд ээж нь ядуучуудад тусалж байхыг сургажээ. Харин Мухамед хүү скаутын удирдагч Квази Шахибаас нөхөрлөхийн үнэ цэнэ, манлайлах, бүлгийн нэг хэсэг болох, өөрийгөө шинжих, шаргуу хөдөлмөрлөхийг сурчээ.


 Тэрээр хичээнгүйлэн суралцаж, АНУ-ын Теннесси мужийн Нешвиль хотын Вандербилт их сургуулиас тэтгэлэг авсан бөгөөд энэ сургуульдаа эдийн засгийн ухааны докторын зэргийг хамгаалсан байна. Мухамед нутагтаа очоод, их сургуульд эдийн засгийн хичээл зааж эхэлсэн бөгөөд удалгүй сурсан мэдсэн зүйл нь, оюутнуудад зааж байгаа хичээл нь тус улсын ядуу хүмүүст тус нэмэр болохгүй байгааг ухаарсан аж.


 1974 онд Бангладеш Улсад болсон өлсгөлөнгөөр олон сая хүн үхэхэд Юнус юу хийж чадахаа мэдэхийн тулд ядуусын тосгонд очиж үзэхээр шийджээ. Зам зууртаа хулсаар сагс сүлжих Суфиа Бегум хэмээх, 21 настай ядуу бүсгүйтэй таарсан байна. Түүнтэй ярилцах зуур Юнус тэр эмэгтэй баян худалдаачнаас мөнгө зээлж хулс худалдан авч, сагс хийгээд, хийсэн сагсаа сайхь баян эрд худалддаг болохыг мэдэж авчээ.  Баян эр зээлсэн мөнгөнийхөө хүүнд долоо хоног бүр доллар тутмаас 10 цент авдаг аж.

      

 Хөөрхий эмэгтэй ажлаа дуусгаад, хулсны үнийг төлсний дараа сагс бүрээс 2 центийн л ашиг гаргадаг байна. Бусад бүх орлогыг баян эр авдаг аж.


 Юнус хэрэв сайхь эмэгтэй жаахан л мөнгө буюу 12 доллартай бол хямд үнээр өөрөө хулс авч, илүү их мөнгө олох боломжтой ба шуналтай баян эрийн ч хэрэгнүй болохыг ойлгов.


 Ингээд Юнус түүнийг эргүүлж өгнө гэдэгт итгээд өөрөө бүсгүйд мөнгө зээлсэн байна. Харин түүний найзууд зээлсэн мөнгөө эргүүлж авч чадахгүй дээ гээд, түүнийг тун ч найдваргүй зүйл хийлээ дээ гэж зэмлэх нь холгүй өнгөрөв. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй зээлсэн мөнгөө нэг ч цент дутаалгүй буцаан  төлсөн байна.


 Тийнхүү амьдрал ахуй нь дээрдэж, тэр эмэгтэй илүү бие даан, тийм ч ядуу байхаа больсон байлаа. Тэр бүсгүй гэрийнхэнтэйгээ ахуй амьдралаа бага багаар өөрчилж эхлэв. Ямар ч байсан итгэл найдварынх нь гал бадарсан байна.


 Юнус тосгоны эмэгтэйчүүдийг зээлдэгч бүлэг болгон зохион байгуулж эхлэв. Эхэндээ амаргүй байлаа. Тэд эргүүлж төлж чадах эсэхээ мэдэхгүйгээр зээл авахыг хүсэхгүй байжээ. Гэхдээ нэг нь чадмагц араас нь бүгд туршихаар зүтгэж, энэ санааг дэмжиж эхэлсэн байна.


 Юнус уг төсөлд банкныхны анхаарлыг хандуулж, дэмжүүлэхийг хичээсэн ч ядуу хүмүүс зээлээ эргүүлэн төлж чадахгүй гэсэн хариуг өгч, мөнгө их олдог бизнесийг л анхаараад байжээ. Түүний хувиасаа зээлүүлсэн мөнгө нэг хүнд хүрэхээс бүхэл бүтэн тосгоныг дэмжих боломж байсангүй. Ингээд тэр ядууст зориулсан бие даасан банк байгуулахаар шийдэхэд банкууд түүний санааг огт дэмжсэнгүй.


 Аз болоход тэр хожим нь Бангладеш Улсын Сангийн сайд болсон Абул Маал Абдул Муниттэй таарчээ. Мунит Юнусыг 1983 онд “Грамин банк”-аа байгуулахад тусалж, ядуусын дундаас нэн ядуу хүмүүст олгох “бичил зээлийн”(тухайн хүнээс юу ч барьцаалалгүй, эргэн төлөх амлалтад тулгуурлан маш бага хэмжээний зээл олгох) санааг бодит үйл хэрэг болгосон байна. Зээл авагч бүлэгт багтсан хүмүүс нэг нэгнээ шахаж, мөнгөө найдвартайгаар эргүүлэн төлөхөд тусалж байлаа.


 Анхандаа Юнус эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэнцүү байдлаар зээл олгохыг зорьсон ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү зээлсэн мөнгөө төлдөг болохыг ажиглажээ. Одоо тухайн банкаар үйлчлүүлэгчийн 94 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд мөнгийг гэр бүлээ дэмжихэд зарцуулдаг гэнэ.


 Грамин банк Бангладеш Улс дахь 36,000 тосгонд үйлчилдэг болон өргөжиж, бичил зээлийг будааны тариалан, загасны аж ахуй, байшин барих, хувцас оёх, бусад жижиг бизнесийн үйл ажиллагаанд зориулан олгосон нь том амжилтад хүрчээ.


 Юнус “Ядуу байна гэдэг төлбөрийн чадваргүй гэсэн үг биш, банкууд л хүнд хүрэх чадваргүй байна гэсэн үг” гэж хэлжээ.


 Мухамед Юнус эх орондоо төдийгүй дэлхий дахин дахь ядуу хүмүүсийн хувьд жинхэнэ баатар болсон билээ. Иймээс түүнийг 2006 онд Нобелийн шагналаар шагнасан байна.


 Баатрууд нөхцөл байдлыг “өрөөл бусад энэ талаар юу хийж чадах вэ?” гэж бус, харин “Би энэ талаар юу хийж чадах вэ?” гэсэн хандлагаар хардаг учир баатар болдог ажээ.