НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

      Оршил.
      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.

      Яагаад хүүхдийн эрхийг хамгаалах тусгай Конвенц хэрэгтэй болов?
      Хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хувьд бүрэн хөгжөөгүй, эмзэг, тусгай хамгаалалт шаардлагатай, хүчирхийлэлд өртөх магадлал их, хүүхдийг нийгмийн зүгээс хүн гэж тооцдоггүй тул эрхийг нь баталгаажуулах, хамгаалах зорилгоор Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан юм.
     Энэ конвенц нь эрүүл мэнд, боловсролоос хүүхдийн амьдралын бүхий л салбарт зориулсан хэм хэмжээ ба стандартуудыг тогтоож өгсөн. Мөн хүүхдийн нийгмийн эрхээс эхлээд иргэний эрх хүртэл бүх эрхүүдийг багтаасан байдаг. Эдгээр хэм хэмжээнүүдийг дэлхий өнцөг булан бүрт улс орнууд хүлээн зөвшөөрч, эдгээр стандартуудын түгээмэл шинжийг улам бэхжүүлж, ХЭТК-ийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна.
      Конвенцийн түүхэн хөгжил.
      Дэлхийн I дайны дараа 1924 онд Үндэстнүүдийн Лиг Хүүхдийн эрхийн тунхаг бичгийг баталсан. Энэ баримт бичиг нь зовж шаналсан “ялангуяа дайны улмаас” шаналж буй хүүхдүүдийн тухай тусгасан анхны олон улсын хүчин чармайлт байлаа. 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Хэдийгээр хүүхдийн эрхийг шууд бус тусгасан ч, хүүхдийн тусгай хэрэгцээг “насанд хүрэгчидтэй харьцуулан” тусад нь баримтжуулан батлах ёстой гэсэн тайлбар байсаар байв.
      1959 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн хоёр дахь тунхаг бичгийг батлав. Ерөнхий Ассамблей 1979 оныг хүүхдийн жил болгон зарлаж, тэр жилдээ тунхаг бичгийн хүүхдэд хамаатай арван зүйлийг хэвлэн улс орнуудад тарааж, Польш улсад болсон сургалтын үеэр хүүхдийн асуудалд анхаарал хандуулан, Хүний эрхийн комиссын ажлын хэсэг байгуулж, ХЭТК-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн.
       1989 онд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг боловсруулах ажил дууссан бөгөөд ХЭТК бол арван жил хүүхдийн эрхийн асуудлаар явагдсан олон улсын хэлэлцүүлгийн үр дүнд бий болсон юм.
       Тухайн үед хүүхдийн эрхийг хүний эрхийн нэгэн адил бусад соёл, ёс заншил ба үнэт зүйлсийг үл ойшоон тулган шаардсан бичиг баримт гэж үзэх явдал байсан. Учир нь хүүхдийг хэрхэн өсгөж бойжуулах,харьцах талаар улс орон бүр өөр соёл, зан заншил баримталж ирсэнтэй холбоотой. Гэвч ХЭТК-ийг дэлхий улс орнууд бараг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч нэгдсэн нь тухайн орон нутгийн итгэл үнэмшил ба үнэт зүйлсээс үл хамааран хүүхдийн эрхийн зарчмууд, түүнийг хангах хамгийн наад захын стандартуудад ач холбогдол өгөн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
       ХЭТК нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудын хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж, бодлого ба үйл ажиллагаанд даган мөрдөх наад захын стандарт хэмжээ бөгөөд хүүхэд идэвхтэй эрхээ эдлэгч гэсэн эерэг байр суурийг дэмждэг. Мөн конвенцид хүүхэд ямар эрхтэйг зааснаас гадна улс орнууд тэдгээр эрхийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд хариуцлага хүлээдэг гэдгийг ч онцолсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжид хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн билээ.
       ХЭТК-ийн зарчмууд
       ХЭТК-ийн үзэл санааг бүрдүүлж байдаг дөрвөн үндсэн зарчим байдаг бөгөөд тэдгээр нь бусад эрхүүдийг тайлбарлах үндэс болж өгдөг. Эдгээр зарчмууд нь хүүхдийн эрхийн бүх асуудалтай холбогдоно.
       1. Хүүхдийн дээд ашиг сонирхол
       Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэн, хүүхдэд ээлтэй нийгмийг байгуулах нөхцөлийг хангахын төлөө Засгийн газар, олон нийтийн ба хувийн салбарынхан өөрсдийн үйл ажиллагаа хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгох ёстойг ХЭТК-д онцлон тэмдэглэсэн. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг тодорхойлохын тулд хүүхэд бүрт тухайн үйл ажиллагааны хэрхэн нөлөөлж буйг нарийн авч үзэх ёстой.
       Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь бүхий л хугацаанд хүүхдэд нөлөөлөх үр нөлөөг дэмжих өргөн хүрээтэй ойлголт юм. Хүүхдийн эрхийн энэхүү цогц хандлага нь хүүхдэд ээлтэй үйлчилгээ, хүүхдийн асуудалд мэдрэмжтэй практикийг хүүхдийн төлөө үзүүлэх үйлчилгээндээ нэвтрүүлэх зэргийг ойлгоно Энэ зарчмыг аливаа хуулиар өөрөөр тайлбарлах эсвэл ХЭТК-д дурдсан бусад эрхийг хэрэгжүүлэхэд саад болохоор ашиглах ёсгүй.
       2. Ялгаварлан гадуурхахгүй байх
       Хүүхдийн эрх ямар ч үед, хаана ч байсан жендер, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг эсвэл иргэний харъяалалаас үл хамааран ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт хамаатай болохыг Конвенцийн хоёрдугаар заалтад тодорхойлсон. Ялгаварлан галуурхахгүй байх нь хүүхэд хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд бүх салбарт ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг арилгах арга хэмжээг баталгаажуулна.
       3. Оролцоо
       Хүүхдийн нас болон хөгжлийн онцлогийн дагуу хүүхдийн үзэл бодол, санаа зовж буй зүйлийг сонсох ба тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийн тухай конвенцийн 12 зүйлд багцаар нь тусгасан. Энэ сэдэв хүүхдийн үг хэлэх эрх чөлөө ба бусад иргэний эрхүүд ХЭТК-ийн бусад бүхий л хэсэгт хамардаг. Энэ зарчмын онцлог нь хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ба хүүхдийг сонсох ёстойг шаарддаг.
       4. Эсэн мэнд амьдрах ба хөгжих
       Конвенцийн зургадугаар заалтанд хүүхэд бүр эсэн мэнд амьдрах хөгжих эрхтэйг заахын сацуу хүүхэд нь зан чанар, авьяас, чадвараа бүхий талаараа бүрэн хөгжүүлэх эрхтэй гэдгийг мөн онцолсон.
       Хөгжлийг тодорхойлох улс орны ирээдүй болсон ХҮҮХДИЙГ хүчирхийллээс ангид, ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй, амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхээ эдлэх эерэг нөхцлийг бүрдүүлж, өсгөж хүмүүжүүлэх нь эрх эдлэгч хүн бүрийн хүлээх үүрэг билээ.

                Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.