Хүнийн эрхийн өдөр

НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

 

Оршил.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.  

 

Яагаад хүүхдийн эрхийг хамгаалах тусгай Конвенц хэрэгтэй болов?

 

Хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хувьд бүрэн хөгжөөгүй, эмзэг, тусгай хамгаалалт шаардлагатай, хүчирхийлэлд өртөх магадлал их, хүүхдийг нийгмийн зүгээс хүн гэж тооцдоггүй тул эрхийг нь баталгаажуулах, хамгаалах зорилгоор Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан юм.  

Энэ конвенц нь эрүүл мэнд, боловсролоос эхлээд хүүхдийн амьдралын бүхий л салбарт зориулсан хэм хэмжээ, стандартуудыг тогтоож өгсөн юм. Мөн хүүхдийн нийгмийн эрхээс эхлээд иргэний эрх хүртэл бүх эрхүүдийг багтаасан байдаг. Эдгээр хэм хэмжээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд хүлээн зөвшөөрч, эдгээр стандартын түгээмэл шинжийг улам бэхжүүлж, Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн ач холбогдол улам нэмэгдсээр байна.

 

Конвенцийн түүхэн хөгжил.

 

Дэлхийн I дайны дараа 1924 онд Үндэстнүүдийн Холбоо Хүүхдийн эрхийн тунхаг бичгийг баталсан байна. Энэ баримт бичиг нь зовж шаналсан “ялангуяа дайны улмаас” шаналж буй хүүхдүүдийн асуудлыг хөндсөн анхны олон улсын хүчин чармайлт байлаа. 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Хэдийгээр хүүхдийн эрхийг шууд бус тусгасан ч, хүүхдийн тусгай хэрэгцээг “насанд хүрэгчидтэй харьцуулан” тусад нь баримтжуулан батлах ёстой гэсэн тайлбар байсаар байв.

1959 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн хоёр дахь тунхаг бичгийг батлав. Ерөнхий Ассамблей 1979 оныг хүүхдийн жил болгон зарлан, тэр жилдээ тунхаг бичгийн хүүхдэд хамаатай арван зүйлийг хэвлэн улс орнуудад тарааж, Польш улсад болсон сургалтын үеэр хүүхдийн асуудалд анхаарал хандуулан, Хүний эрхийн комиссын ажлын хэсэг байгуулж, Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.

1989 онд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг боловсруулах ажил дууссан бөгөөд Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц бол арван жил хүүхдийн эрхийн асуудлаар үргэлжилсэн олон улсын хэлэлцүүлгийн үр дүнд бий болсон юм.

Тухайн үед хүүхдийн эрхийг хүний эрхийн нэгэн адил бусад үндэстний соёл, ёс заншил ба үнэт зүйлсийг үл ойшоон тулган шаардсан бичиг баримт гэж үзэх явдал байсан. Учир нь хүүхдийг хэрхэн өсгөж бойжуулах, харьцах талаар улс орон бүр өөр соёл, зан заншил баримталж ирсэнтэй холбоотой. Гэвч Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийг дэлхийн улс орнууд бараг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч нэгдсэн нь тухайн орон нутгийн итгэл үнэмшил хийгээд үнэт зүйлсээс үл хамааран хүүхдийн эрхийн зарчмууд болон түүнийг хангах хамгийн наад захын стандартуудын чухалыг ойлгон хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудын хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж, бодлого ба үйл ажиллагаанд даган мөрдөх наад захын стандарт хэмжээ бөгөөд хүүхэд бол идэвхтэй эрхээ эдлэгч гэсэн эерэг байр суурийг дэмждэг байна. Мөн конвенцид хүүхэд ямар эрхтэйг зааснаас гадна улс орнууд тэдгээр эрхийг бодитоор амьдралд хэрэгжүүлэхийн тулд хариуцлага хүлээдэг гэдгийг ч онцолсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжид хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн билээ.

 

Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн зарчмууд

 

Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн үзэл санааг бүрдүүлж байдаг дөрвөн үндсэн зарчим байдаг бөгөөд тэдгээр нь бусад эрхийг тайлбарлах үндэс болж өгдөг. Эдгээр зарчим нь хүүхдийн эрхийн бүх асуудалтай холбогдоно.

 

1. Хүүхдийн дээд ашиг сонирхол

 

Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэн, хүүхдэд ээлтэй нийгмийг байгуулах нөхцөлийг хангахын төлөө Засгийн газар, олон нийтийн ба хувийн салбарынхан өөрсдийн үйл ажиллагаа хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгох ёстойг Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцид онцлон тэмдэглэсэн. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг тодорхойлохын тулд хүүхэд бүрт тухайн үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж буйг нарийн авч үзэх ёстой.

Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь бүхий л хугацаанд хүүхдэд нөлөөлөх үр нөлөөг дэмжих өргөн хүрээтэй ойлголт юм. Хүүхдийн эрхийн энэхүү цогц хандлага нь хүүхдэд ээлтэй үйлчилгээ, хүүхдийн асуудалд мэдрэмжтэй практикийг хүүхдийн төлөө үзүүлэх үйлчилгээндээ нэвтрүүлэх зэргийг ойлгоно Энэ зарчмыг аливаа хуулиар өөрөөр тайлбарлах эсвэл Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцид дурдсан бусад эрхийг хэрэгжүүлэхэд саад болохоор ашиглах ёсгүй.

 

2. Ялгаварлан гадуурхахаас ангид байх эрх

 

Хүүхдийн эрх хэзээ ч, хаана ч байсан хүйс, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг эсвэл иргэний харъяалалаас үл хамааран ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт хамаатай болохыг Конвенцийн хоёрдугаар заалтад тодорхойлсон. Ялгаварлан галуурхахгүй байх нь хүүхэд хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд бүх салбарт ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг арилгах арга хэмжээг баталгаажуулдаг.

 

3. Оролцооны эрх

 

Хүүхдийн нас болон хөгжлийн онцлогийн дагуу хүүхдийн үзэл бодол, санаа зовж буй зүйлийг сонсох ба тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийн тухай конвенцийн 12 зүйлд багцаар нь тусгасан. Энэ сэдэв хүүхдийн үг хэлэх эрх чөлөө ба иргэний бусад эрх Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн бусад бүхий л хэсэгт хамаардаг. Энэ зарчмын онцлог нь хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ба хүүхдийг сонсох ёстой гэсэн шаардлага тавьдагт оршино.

 

4. Эсэн мэнд амьдрах ба хөгжих эрх

 

Конвенцийн зургадугаар заалтанд хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хөгжих эрхтэйг заахын сацуу хүүхэд нь зан чанар, авьяас, чадвараа бүхий талаараа бүрэн хөгжүүлэх эрхтэй гэдгийг мөн онцолсон. Хөгжлийг тодорхойлох улс орны ирээдүй болсон ХҮҮХДИЙГ хүчирхийллээс ангид, ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй, амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхээ эдлэх эерэг нөхцлийг бүрдүүлж, өсгөж хүмүүжүүлэх нь эрх эдлэгч хүн бүрийн хүлээх үүрэг билээ.