Дотоод хамтын ажиллагаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хуулинд заасан мандатаа хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвхитэй харилцаж, хамтран ажиллах нь чухал юм.

Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудад заасан хүний эрхийг хүндэтгэн сахих нь голлох үүрэг хүлээгчид болох төрийн байгууллагууд, мөн хувийн үүрэг хүлээгчид болох хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүд, мөн нийгэмд үйлчлэх үүргийг өөртөө хүлээсэн төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, тэдгээрт ажилладаг албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарч гүйцэтгэж байвал зохих хариуцлага болж байдаг. Тухайн байгууллагын хүний эрхийн талаарх хандлага, албан хаагчдын мэдлэг ойлголтыг сайжруулахаас тэдгээр үүрэг хүлээгчид үүрэг хариуцлага биелүүлэх, хүний эрх газар бүр хэрэгжихийн урьдач нөхцөл болно.

Хууль тогтоомж, гэрээ конвенцид заасан хүний эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн төр нь иргэдэд үйлчилгээ үзүүлэгч болохынхоо хувьд ч өөрийн бүтэц, тогтолцоонд байгаа бүхий л байгууллагын хүрээнд хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй юм. Тиймээс Комисс анх байгуулагдсан цагаасаа хяналт шалгалт, судалгаа хийх, албан хаагчдынх нь мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэргээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Төрийн байгууллагууд, тэр дундаа хууль хяналтын байгууллагын өөрсдийн дотоод бүтцэд гардаг хүний эрхийн зөрчлийг илрүүлж, тэдгээрийн нөхцөл шалтгааныг тодорхойлон, цаашид хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа чиглэнэ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь ихэнх тохиолдолд төрийн албан хаагчдын буруу үзэл хандлагаас үүдэлтэй байдаг тул төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэдэнд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь эн тэргүүний ач холбогдолтой. Тиймээс анх байгуулагдсан цагаасаа эхлэн Комисс төрийн байгууллагуудын хүсэлтээр болон өөрийн санаачлагаар төрийн албан хаагчдын дунд хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулж ирсэн билээ.

Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад