НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Монгол Улс цаазын ялгүй орон боллоо

Монгол Улс цаазын ялгүй орон боллоо

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон боллоо.

НҮБ-ын 1982 оны XVI чуулганаар “...гишүүн орнууд...хамгийн ноцтой гэмт хэрэгт ч цаазаар авах ял шийтгэлийг хязгаарлах ёстой” гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, зайлшгүй шаардлага манай улсад байсан бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комисс нь цаазаар авах ялыг халах асуудлыг хөндөн судалж, санал, зөвлөмжийг удаа дараа гаргасаар ирсэн.

Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран цаазаар авах ялын нөхцөл байдлын талаар судалгаа явуулж байсан ба 2005 онд манай улсын Засгийн газрын урилгаар ирж ажилласан НҮБ-ын эрүү шүүлтийн талаарх тусгай илтгэгч М.Новакийн  илтгэлд “Цаазаар авах ялыг гүйцэтгэх огноотой холбоотой нууцлал, цогцсыг оршуулахаар өгөхөөс татгалзаж буй нь гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн дарамтад оруулах замаар айлган сүрдүүлэх, хүнлэг бусаар хандахад хүргэж, энэ нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 7 дугаар зүйлийг зөрчиж байна” гэж онцлон дурдагдаж байсан удаатай.

“Цаазаар авах ял шийтгүүлсэн шүүгдэгчид шүүх хуралдаан дуусмагц төрөл, садангийн хүнтэйгээ нэг удаа уулзах боломж олгоно” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1 дэх заалт нь ял шийтгүүлсэн хүний гэр бүлийн гишүүдэд ял гүйцэтгэх хугацаа, үйлдэх газрыг мэдэх боломжийг олгохгүй байгаа бөгөөд нэгэнт гэм буруутай үйлдэлдээ тохирсон ялаа “өөрийн амиар эдэлсэн” хүний цогцос дахин төрийн цээрлэл хүлээх нөхцөл байдалд хүргэж байна” хэмээн Комисс үзэж, Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд  НҮБ-ын 1982 оны XVI чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох шаардлагатайг сануулж, цаазаар авах ялтай холбоотой санал, зөвлөмжүүдийг жил бүр УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлүүддээ тусгаж ирсэн билээ. Комиссоос өргөн барьсан илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2008, 2010 онуудад тус тус хэлэлцэж, тухай бүрт тогтоол гаргаж, санал, зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж байсан.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар илтгэлийг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Хорооны хуралдаанаар 2010 оны 11 дүгээр сарын 5, 8-ны өдрүүдэд хэлэлцээд гаргасан зөвлөмжид “...Оролцогч улс цаазаар авах ялыг төрийн нууцад хамруулахаа больж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох зэрэг цаазаар авах ялыг устгахад чиглэсэн хүч чармайлтаа үргэлжлүүлэхийг Оролцогч улсаас хүснэ” гэснийг анхааралдаа авахыг Комиссын ээлжит 10 дахь илтгэлд мөн дурьдсан байна.   

Цаазаар авах ял нь харгис хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон, амьд явах эрхийг хязгаарладаг гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн тунхаглан баталгаажуулжээ. Манай улсад төрийн шийдвэрээр хүний амьд явах эрхийг шууд хязгаарладаг явдлыг таслан зогсоох мэргэн шийдвэрийг гаргасан явдалд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархан хүлээн авч байна.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс


 


 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй