Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Байгууллагын танилцуулга англи, монгол хэл дээр хэвлэгдлээ (2012 он)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний байгууллага байгуулагдах болсон шалтгаан, байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим,  эрхэм зорилго, Комисс, түүний гишүүний бүрэн эрх, бүрэн эрхийн баталгаа, бүтэц бүрэлдэхүүний талаарх цогц мэдээллийг Хүний эрхийн  Үндэсний Комиссын шинэ танилцуулга уншигч танд өгөх болно. 

Англи, монгол хэл дээр хэвлэгдсэн энэхүү товхимлоос Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Номыг эндээс уншина уу.


Хүний эрхийн товч тайлбар (2012 он)

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд Монголд анх удаа "Хүний эрхийн товч тайлбар”-ыг эрхлэн гаргасан билээ. "...Хүний эрх гэдэг ойлголт нь товчхондоо хүн болж төрсний хувьд заяагдсан, ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдэлвэл зохих эрх, эрх чөлөөг хэлдэг байна. Хүний эрх нь хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ шаардлага, оршихуйн үндэс юм. Хүний эрх нь ялгаварлалгүй, салшгүй, хуваагдашгүй, харилцан хамааралтай, хүн бүрт түгээмэл байдаг. Хүний эрх, эрх чөлөө нь төрөөс иргэддээ өгч байгаа буян хишиг биш, харин олон улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайн улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хүн бүр эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж, нөхцлийг баталгаажуулдаг...” хэмээн тус номын өмнөтгөлд бичжээ.

Комисс нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих бүрэн эрхийнхээ хүрээнд уг товч тайлбарыг гаргасан бөгөөд Фридрих Эйбертын сан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Товч тайлбарыг гаргахдаа хүний эрх, эрх чөлөөний ерөнхий ангиллын дагуу хийж, тус ангилалд багтахгүй хэсгийг тусгай бүлэг болгон оруулсан байна.  Мөн хүний эрхийн талаарх олон улсын баримт бичиг, эх сурвалжийн жагсаалтыг хавсаргажээ. Номыг эндээс уншаарай.


Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн эмхэтгэл (2012 он)

"Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн эмхэтгэл"-ийн I ботийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2004 онд эрхлэн хэвлүүлсэн билээ.
Энэ удаа бид 2004 оноос хойшхи олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын илтгэл, түүнийг хэлэлцээд НҮБ-ын холбогдох хороодоос өгсөн зөвлөмжийг эмхэтгэн II ботийг олны хүртээл болгож байна.

Нийгмийн хэв журам ба хүний эрх (2012 он)

Цагдаагийн байгууллага нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэхдээ хүний эрхийг хэрхэн хангаж ажиллах, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгох, хүний эрхийн мэдрэмжтэйгээр аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах зорилгоор ХЭҮК, ЦЕГ хамтран "Нийгмийн хэв журам ба Хүний эрх" сургалтыг 2012 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион явуулсан уг сургалтын үеэр заасан хичээлүүд болон НҮБ-ын Олон Улсын гэрээ, конвенц, нийгмийн хэв журам хангахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журмуудыг эмхэтгэн хэвлүүлэв. Номыг эндээс уншина уу.

Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх (2012 он)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдөр Улаанбаатар хотноо "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх" сэдэвт олон улсын бага хурлыг анх удаа зохион байгуулсан билээ. Тус хурлын үеэр тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн уншигчдын хүртээл болгож байна. Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус цахим хуудасны "Монгол Улс дахь уул уурхай ба Хүний эрх" олон улсын бага хурал хэсгээс авна уу.
Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад