НҮҮР » Мэдээ мэдээлэл » Хэвлэлийн мэдээ » Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ өргөн барилаа

Улаанбаатар – 38,                                                                    Утас: 262902, 99083926 

Эрх чөлөөний талбай                                                                Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                                              Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                                Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                                              

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Г.Нарантуяа нар оролцсон юм.  Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд  “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг билээ. 

Энэ жилийн илтгэл нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах албан ёсны байгууллага буюу Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 10-н жилийн ойтой давхацаж буйгаараа онцлог бөгөөд өмнөх есөн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хэрэгжилтийг эргэн харж, үнэлэлт, дүгнэлт өгснөөрөө давуу талтай юм.  Комисс энэ удаа Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад хандаж, долоон санал, зөвлөмжийг гаргалаа.

      Хүний эрх, эрх чөлөөг хангахад төрөөс анхаарал, дэмжлэг хэрэгтэй

Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ дагуу аливаа хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар жил бүр зөвлөмж, санал гаргасаар ирсэн юм. Комиссоос 2002-2010 онуудад гаргасан санал, зөвлөмжүүдээс хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэйг нь нэн даруй хэрэгжүүлэхийг 10 дахь илтгэлдээ онцгойлон тусгалаа.  Мөн Хүний эрхийн  конвенцийн биелэлтийн талаарх  Засгийн газрын илтгэлд өгсөн зөвлөмж, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд дурьдсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр Төсвийн тухай хуульд бололцоогоороо тусгахыг зөвлөж байна.

      Хуульд харшилсан тайлбар заалт хэрэглэхийг таслан зогсооё

Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг шүүх гаргахдаа Улсын Дээд Шүүхийн хуульд харшилсан тайлбарын заалтыг хэрэглэсээр байгаа практикийг таслан зогсоохыг дээрх илтгэлийн гурав дахь зөвлөмждөө орууллаа. Улсын Дээд Шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж, мөрдөх Үндсэн хуулийн заалт байгаа ч эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэдэг бүх шатны шүүх зөвхөн тайлбараа баримталдаг туршлага тогтоод байгааг УИХ анхааралдаа авч, эрх зүйн шинэ журам тогтоох шаардлагатай байгаа юм.

      Эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын зөвлөмжийг ажил хэрэг болгоно

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 45-р хуралдаанаар хэлэлцэн баталсан “Ял завших явдлыг зогсоож, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргасан төрийн албан хаагчийг буруушааж, ийм үйлдэл хийсэн хэнийг ч бай мөрдөн шалгаж, шаардлагатай бол яллах, шүүх, үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд, хөнгөнд нь таарсан ял оногдуулж байхыг Оролцогч улсаас хүсч байна. Оролцогч улс нь эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргагчдыг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй, хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах хэрэгтэй байна. Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй“ гэж заасныг нэн даруй хүчингүй болгох, дээд шатны албан тушаалтны тушаал нь эрүүдэн шүүх аливаа үйлдлийг зөвтгөх шалтаг болохгүй гэсэн агуулгаар Оролцогч улс хууль, тогтоомжоо өөрчлөх нь зүйтэй” гэсэн “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар илтгэлийн зөвлөмжийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай.

Сонгуулийн маргааныг шүүхэд эцэслэн шийдвэрлэдэг журмыг хуулинд тусгуулна

Үндсэн Хуулийн Цэц энэ оны нэгдүгээр сард  Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ” гэснийг “эцэслэн” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дахь хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...” гэж заасныг зөрчсөн байна гэж үзээд Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн заалтаас “эцэслэн” гэснийг тогтоол гарган хүчингүй болгожээ. Улсын Их Хурлын 2008 оны сонгууль болон нөхөн сонгуулийн  дүнгийн талаар цөөнгүй маргаан гарч, зарим иргэн өргөдөл гаргасан ч хуулийн дээрх заалтаас шалтгаалан  Үндсэн Хуулийн Цэц болон аль ч шатны шүүх нэг ч хэргийг харьяалан шийдвэрлээгүй байна. Иймээс сонгуулийн маргааныг шүүхэд эцэслэн шийдвэрлэдэг журмыг сонгуулийн хуулиудад тусгахыг зөвлөмж болгож байна.

Долоогоос доош насны хүүхдээр хурдны морь унуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ

                       Хуулиар тогтоосон наснаас бага насны хүүхдээр хурдан морь унуулсан, даатгалд хамруулаагүй, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй бол буруутай этгээдийг захиргааны журмаар торгууль оногдуулдаг, дээрх шаардлагыг хангаагүйн улмаас хүүхдийн биед гэмтэл учирсан, амь нас нь хохирсон бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалт бий болгох хэрэгтэй байна.

                       Төмөр замын гармууд дээр авто гүүр бариулна 

                       Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар километрийн авто гармын ойролцоо орон сууцны хороолол, үйлчилгээний  барилга байгууламж олноор барьсан, Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн авто гармаар нийслэлээс баруунаа чиглэх төв зам гардгаас нэвтрэн өнгөрөх авто машины урсгал, ачаалал ихсэж, жолооч, зорчигчдыг удаан хугацаагаар байнга хүлээлгэн чирэгдүүлж, замын түгжрэл үүсгэн, төмөр болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал,иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байдал бий болсон учраас эдгээр гарам дээр 2 түвшинд огтлолцох автомашины гүүр барих асуудлыг  нэн даруй шийдвэрлэхийг зөвлөлөө.   

Комиссын илтгэлийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт бүрэн эхээр нь нийтлэх юм.

 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн З.Бадмаарагаас авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 262902)

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад