Цагдаагийн албан хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа.

       Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёл төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгын хүрээнд 2010 оны 5 сарын 27-ны өдөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрийн эрүүлжүүлэх байрны албан хаагч нарт “Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

     Сургалтаар “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Хүний эрхэд суурилсан хандлага” зэрэг сэдвээр танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулан, өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлыг солилцсон байна.

        Оролцогчдын зүгээс төрийн болон төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдийн хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үр нөлөөтэй байдлаар тогтмол зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга ухуулан таниулах нэвтрүүлэг, мэдээ цацах зэрэг саналыг дэвшүүлсэн болно.