“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам” уулзалт- ярилцлага болно
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Европын холбоо, Италийн Засгийн газрын бус АИФО байгууллагын санхүүгийн дэмлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшэлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдээллийг олон нийтэд түгээх нь” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт уулзалт- ярилцлагыг 5 дугаар сарын 12-ны өдөр 10 цагаас Засгийн газрын XI дүгээр байранд зохион байгуулна.
Уулзалт ярилцлагад УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Оюунхорол, Н.Ганбямба, Б.Бат-Үүл, С.Оюун, Д.Арвин, Э.Мөнх-Очир, Ц.Шинэбаяр, Д.Одбаяр, УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор, НХХЯ, ЭМЯ, БСШУЯ, ЗТБХБЯ-дын төрийн нарийн бичгийн дарга нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад буй асуудлууд, Конвенцийг хэрэгжүүлэх арга зам ялангуяа конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний бие даасан хяналтын механизмыг бий болгох хэрэгцээ шаардлагын талаар ярилцана.
Дэлхийн 144 орон гарын үсэг зурж, 85 орон батлаад байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци” нь НҮБ-ын суурь 8 конвенцийн нэг бөгөөд тухайн асуудал эрхэлсэн үндэсний бие даасан хяналтын механизмыг засгийн газрын бүтцэд бий болгох талаар зохицуулсан 2 конвенцийн нэг нь юм.
Манай улс 2009 оны тавдугаар сарын 13-ны өдөр энэ конвенцид нэгдэн орж, 53 дахь улсаар бүртгэгдсэн бөгөөд Конвенцид нэгдэн орсон өдрийг угтан зохион байгуулж байгаагаараа энэхүү уулзалт-ярилцлага онцлогтой. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг УИХ-аар соёрхон батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудад дурсгалын “Гэрэгэ” гардуулах юм.
Хэвлэх хувилбар
Танилдаа илгээх
PDF хувилбар- 407 удаа уншсан