Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн илгээлт
“САНАЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЦГЭЭЕ”

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсан 1948 оны 12 дугаар сарын 10-ны энэ түүхэн өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон жил бүр дэлхий нийтээр тэмдэглэж заншсан билээ.

Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жилийн хувьд "Миний үг-Миний оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, улмаар 2013 оны туршид энэ хүрээнд ажил өрнүүлэхээр болсон нь нийгмийн амьдралд иргэдийн оролцоог хангаж байж л ардчилал бүрэн утгаар төлөвшиж, хүний эрхийг хамгаалах үр дүнтэй тогтолцоо хөгжих урьдач нөхцөл бүрдэхийг сануулж буй хэрэг юм.

Хүн төрөлхтөнд урьд өмнө тулгарч байгаагүй эдийн засгийн сорилт бэрхшээлийн хүнд цаг үед хүн бүр өөрийн орны ирээдүйн чиг хандлагад нөлөөлөх шийдвэр гаргахад оролцохыг чухалчлах болсон нь бидэнд бүр ч их хамаатай билээ.

Нийгмийн амьдралд иргэний оролцоо хэдий чинээ сул байна төдий чинээгээр тэдний эрх, эрх чөлөө зөрчигдөж, төрийн эрх мэдэл данхайж, гаргасан шийдвэр нь ард түмний төлөө бус, харин цөөнхийн эрх ашгийн төлөө үйлчилж эхэлдэг. Тиймээс энэ өдрөөс эхлээд бүтэн жилийн турш иргэн Та оролцоогоо хангахын төлөө үгээ хэлэх, дуу хоолойгоо хүргэх сайхан боломж бүрдлээ.

Төр, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хэн боловч иргэдийн оролцоог бүх талаар хангах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэхэд иргэдийн оролцоо чухал болохыг тэмдэглэхийн ялдамд хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт хүргэхийн төлөөх бидний үйл ажиллагаанд идэвхитэй, бүтээлчээр оролцож, хамтран ажиллахыг Танд уриалж байна.

 

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА

ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ

Онцлох сэдэв
Дүрс бичлэг

2011 ОНЫ ОУХЭ-ИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХУУДАС