Хүнийн эрхийн өдөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

    

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

Энд дарж Зөв харилцааны цагаан толгойг үзнэ үү

    

Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголт 


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж хууль тогтоомжоор баталгаажигдсан тусгай эрх байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Харин эдгээр эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх арга зам нь ялгаатай бөгөөд тусгай орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн шаардлагатай.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд байнга хамрагдаж чаддаггүй ямар ямар төрлийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй вэ?


v  Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах


v  Нийгмийн халамжийн тэтгэвэр авах


v  Нөхцөлт мөнгөн тэтгэмж авах


v  Тусламж, хөнгөлөлт эдлэх


v  Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах


v  Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах


v  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдах


v  Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах


v  Боловсрол, соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах


16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг ямар байгууллага тогтоох вэ?


16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг оршин суугаа аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор тогтоолгоно.


16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг ямар байгууллага тогтоох вэ?


Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний хөдөлмөрийн чадвар алдалын хувь, хугацаа, шалтгааныг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

 

Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг зөвхөн Мэргэжлийн өвчин судлалын төвийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар тохиолдолд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүсэх вэ?


v  Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй байх


v  Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 ба түүнээс дээш хувиар тогтоогдсон байх


v  16, түүнээс дээш насанд хүрсэн байх


 /Иргэн дээр дурьдсан болзлыг зэрэг хангасан нөхцөлд нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ. /


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэдэн жил шимтгэл төлж ажилласан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрх үүсэх вэ?


v  Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн байх


v  Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 6 жилд нь шимтгэл төлсөн байх


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс ямар ямар тусламж, хөнгөлөлт үзүүлдэг вэ?


v  Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох


v  18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох


v  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 5 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох


v  18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 5 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох


v  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх


v  Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох


v  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх


v  Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх


v  Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох


v  Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх


v  Бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай болвол ирж буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох


v  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох


v  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгох

 

 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж болох уу?

 

Болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохирсон ажил, хөдөлмөр эрхлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу болон одой хүнийг ажиллуулахаар зохицуулсан.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллага нь улсын төсөвт төлбөр төлөх үү?

 

Хэрэв 25, түүнээс дээш ажилтантай байгууллагууд нь ажил албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг авч ажиллуулаагүй тохиолдолд төлбөрийг сар бүр улсын төсөвт төлнө. Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тогтоодог.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй тохиолдолд ажилд авахаас татгалзсан бол ямар хариуцлага ноогдуулах вэ?


Тахир дутуу болон одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй байгаа тохиолдолд уг шалтгаанаар түүнийг ажилд авахаас татгалзсан албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох шийтгэл шүүгч ноогдуулна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн та Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн тохиолдолд өөрөө болон хууль есны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагчаараа дамжуулан Хүний эрхийн Үндэсний Комисст хандахаас гадна холбогдох Төрийн байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад хандаж болно.