Комиссын 2011 оны үйл ажиллагааны тайлан

Нэг. Үйл ажиллагааны онцлох үр дүн

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд явуулсан үйл ажиллагааны үр дүнд 2011 онд дараах голлох үр дүнг гаргалаа. Үүнд:

  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 10 дахь илтгэлийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Илтгэлийн мөрөөр гаргасан Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 9 дүгээр тогтоол өмнөх 9 удаагийн илтгэлээр Комиссоос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож, ХЭҮК цаашид гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтийг тооцож, УИХ-д илтгэж байх механизмыг тогтоож өгснөөрөө ач холбогдолтой байв. Түүнчлэн, урьдчилан хорих төв, мөрдөн байцаах албадын байцаалтын өрөөнд дүрс, дуу бичлэгийн төхөөрөмж суурилуулах; Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 километрийн авто гарам, Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн авто гарам дээр 2 түвшинд огтлолцох автомашины гүүр барих зэрэг эрүү шүүлтийг таслан зогсоох,  иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх арга хэмжээний санхүүжилтийг 2012 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн нь тодорхой үр дүн боллоо.

  • Аймгийн төвүүдийн ундны цэвэр усны санг дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргасан Комиссын саналын үр дүнд Ховд, Орхон, Өмнөговь аймгуудын цэвэр усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авахууллаа.

  • Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба шинжээч эмчгүйгээс хэргээ шударгаар шүүлгэх иргэдийн эрх хангагдахгүйд хүрч буй асуудлыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд тавьж, тус аймагт шинжээч эмчийг томилууллаа.

  • Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн байгууллага бий болгох талаар Эрүүл мэндийн яаманд гаргасан санал дэмжигдэж байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж буй 76 өвчтөнд  иргэний бичиг баримт олгуулжээ.

  • Орон нутагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд аймгуудын цагдан хорих байруудад шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах, нөхцлийг сайжруулах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Эдгээрийн үр дүнд Хэнтий аймгийн цагдан хорих байрны агааржуулалтын системийг сольсон, (орон нутгийн төсвөөс 1,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн); Дундговь аймгийн цагдан хорих байрны 16 өрөөний хаалгыг стандартад нийцүүлж, байгалийн гэрэлтүүлгийг нэмэх, Увс аймгийн цагдан хорих байрны хонгилд цонх шинээр гаргаж, байгалийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн, Өвөрхангай аймаг дахь цагдан хорих байрны өрөөнүүдэд урсгал засвар хийж, хяналтын телекамер 4, дохиоллын систем 2-ыг суурилуулан, байцаалтын өрөө бий болгох засварын ажлыг эхлүүлсэн, Сүхбаатар, Дорноговь аймгуудын цагдан хорих байрыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих барилгын ажил эхлүүлсэн байна.  

  • Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу  Цагдаагийн ерөнхий газрын дарга эрүүлжүүлэх байранд хөтлөгдөх бүртгэлийг стандартын дагуу хөтөлж хэвшүүлэх хугацаат үүрэг даалгаврыг нийт харьяа газар, хэлтэст  өгөх, эрүүлжүүлэх байрны эмч ажилтны орон тоо, ажлын ачааллыг судалж, дутуу орон тоонд шинээр ажилтан авах зэрэг арга хэмжээг зохион байгуулснаас гадна Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам, Албадан эрүүлжүүлэх журам, Эрүүлжүүлэх үйлчилгээний төлбөрийн зарцуулалтын журмуудыг шинэчлэн боловсруулж байна.

  • Орон нутагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд аймгуудын эрүүлжүүлэх байруудад явуулсан үйл ажиллагааны үр дүнд Дорнод аймагт орон нутгийн төсвийн 3,0 сая төгрөг, Өвөрхангай аймагт орон нутгийн төсвийн 2,5 сая төгрөг, Дорноговь аймагт улсын төсвийн тодотголын 44,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт,  тус тус хийгдэж, орчин нөхцлийг сайжруулж, засварласан байна. Орхон аймагт орон нутгийн төсвийн 250 сая төгрөгөөр шинээр эрүүлжүүлэх байр барих шийдвэр гарч, ажил эхэлжээ. Нийслэлийн Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төв, 6 дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд нянгийн эсрэг халдваргүйжүүлэх зөөврийн кварц гэрлүүдийг суурилуулжээ.

  • Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хэв журмын эргүүлийн болон замын цагдаа нарыг дүрэмт хувцасны энгэрт зүүх  хяналтын  камераар хангасан нь цагдаагийн алба хаагчдын зүгээс иргэдтэй дүрмийн бус харьцах явдлаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болсон байна.

  • “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний үеэр зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад ажилласны мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Үйл явдал
«    Гуравдугаар сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй